УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Баярмаа "Үндсэн хуулийн 44.1, итгэл хүлээлгэх гэж байгаа асуудал хоёр зөрчилдөж байна. Тодорхой бодлогын асуудлаар гэсэн, яг ямар тодорхой бодлогын асуудал гэдэг нь байхгүй. Төсвийн асуудал гэсэн, төсвийн асуудал байхгүй.
Яагаад гэвэл төсөлд бичсэн бодлогын асуудлыг бүгдийг нь дэмжээд, батлаад явж байгаа. Ямар бодлогын асуудал гацаад байгааг ойлгосонгүй. Маш тодорхой асуулт асуусан боловч яг хаана гацаад байгаа нь тодорхойгүй үлдлээ. Ер нь гацаагүй шинжтэй юм шиг байна. Гацсан бол УИХ өөрөө гацаасан байна.
Ардчилсан Нам маш сайн ажилласан гэдгийг хүлээн зөвшөөрлөө. Хамаг чухал асуудлыг барьж аваад ажилласан гэдгийг хүлээн зөвшөөрлөө. Эцэст нь надад нэг сонин бодол төрөөд үлдлээ. Монгол Улсад төрийн залгамж халаа байхгүй юм биш үү. Л.Оюун-Эрдэнэ гэдэг Ерөнхий сайд МАН, цаашилбал төр юм байна. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд байхгүй бол Монгол төрийн бодлого алдагдах юм байна, залгамж чанар гэж юу ч байхгүй юм байна гэдэг бодол төрлөө.
Уг нь МАН 104 жилийн түүхтэй ууган хүчин. Өнгөрсөн хугацаанд дахь бүх асуудал МАН-тай холбоотой, Монгол Улсын түүх. Алдаа нь ч, оноо нь ч тэр. 1921 оны хувьсгал, 1924 оны Үндсэн хууль, хэлмэгдүүлэлт, 1945 оны тусгаар тогтнол, НҮБ-д элсэх гээд энэ бүх асуудал МАН-тай холбоотой.
Гэтэл өнөөдөр МАН ганцхан Ерөнхий сайдтай байж бүх төрийн бодлого нь явдаг, эс бөгөөс гацдаг юм руу орж байгаад харамсаж байна" хэмээн байр сууриа илэрхийллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!