Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төсвийг төрийн болон төрийн бус байгууллага бүлэглэн ХУЛГАЙЛЖ байгаа талаарх баримт, тайлан, санхүүгийн мэдээллийг “Холч хараа өрнүүн дэлгэрэх” ТББ-ын тэргүүн Ш.Солонго нягталжээ.
Нэр бүхий ААН, байгууллагууд, Үндэсний зөвлөлийн гишүүд бүлэглэн жил бүр 19 сая 500 мянган төгрөгийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө нэрийдлээр төсвөөс авдаг талаар тэрбээр шүгэл үлээв.
Өөрийн олж авсан баримтын хүрээнд сүүлийн дөрвөн жилийн тайлан мэдээллийг нягтлан шалгаснаа хэлж, ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ САНГИЙН ТӨСӨВ хэрхэн үргүй зарцуулагддаг талаар дараах мэдээллийг танилцуулав.
Татвар төлөгчдийн мөнгийг хэдхэн бүлэглэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөх нэрийдлээр авч буй асуудлын мөрөөр ийнхүү судалжээ.
Тухайлбал 2024 оны арванхоёрдугаар сард 1,827,935,000 (1.8 тэрбум) төгрөг тус сангаас гарч, төсөл хөтөлбөр авах нэрийдлээр ТББ-ууд, нэр бүхий иргэд рүү шилжжээ.
Үргэлжлүүлэн түүний танилцуулсан илтгэлийн дэлгэрэнгүйг хүргэж байна.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төсөв, хөтөлбөр
Дээрх судалгааг хийхдээ харьяа агентлагт "Мэдээллээр хангаач ээ" гэсэн албан тоот хүргүүлсний үндсэнд баримт материалыг шүүж үзсэн. Мөн судалгааны үеэр бусад баримт мэдээллийг цуглуулсан.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр дэмжих сангийн төсөл, хөтөлбөр нэг хэсэг бүлэглэлд л сүүлийн жилүүдэд үйлчилж иржээ. Тэдгээр ААН, хүмүүс л давуу эрх эдэлсээр ирсэн байна.
Чухамдаа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн мөнгө бол бүх хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон ТББ, Аж Ахуйн Нэгжүүдэд нээлттэй хүрэх ёстой. Гэвч үүргээ гүйцэтгэхгүй байна.
"2024 оны шилдэг" шалгаруулах болоогүй байхад төсвөөс мөнгө гаргуулж авсан.
Хэдхэн байгууллага, хүмүүс төсвөөс мөнгө гаргуулж авахдаа дандаа 20 саяас доош буюу 19.5 саяыг авдаг. Яагаад вэ гэвэл 20 саяас дээш гарчихаар ТЕНДЕРТ орчихно, болохгүй. Тийм учраас 20 саяас доош мөнгөн дүнгээр нуудаг.
Нэг байгууллагаар биш
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн төсвөөс
Эдгээр мөнгөө дандаа хувааж авдаг, жиргэж авдаг. 2021 онд хэн авсан бэ? н.Баясгалан дарга, 2022 онд хэн авсан бэ? дахиад н.Баясгалан дарга.
Агентлагтай ингэж үй зайгүй хамтарч, төсөл хөтөлбөрт хамгийн их хамрагддаг хүн өнөөдөр яагаад энд ирээгүй байна. Би дур мэдэж яриад байгаа юм биш. Баримтын хүрээнд хэлж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн төлөө зарцуулагдах мөнгө яагаад дөрвөн ТББ, хэдхэн нэр бүхий хүмүүс рүү шилжиж үйлчлээд байгааг цааш улам нягтлах хэрэгтэй. Би зөвхөн дөрвөн жилийн тоон мэдээллийг л авсан.
Магадгүй 10 жилийн өмнөөс ч ингэж бүлэглэлд үйлчилдэг жишиг байсан байж болзошгүй.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан нь эдийн засгийн ангилалдаа зөв санхүүжилт олгож байна уу гэдгийг бодох цаг болсон.
Тэдгээр ТББ-д жил бүр урамшуулал юм шигээр МӨНГӨ тавьж байна. Надад 2021, 2022, 2023, 2024 оны баримт бий.
Бид хардаж байна. Ингэж хардах эрхтэй. Энэ бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний төв зөвлөл учраас олон тэрбумын төсөв яагаад амьдрал дээр асуудал шийдвэрлэсэн, үр ашгаа өгсөн төсөв болдоггүй вэ. Үр ашигтай байлгахыг угаасаа хүсдэггүй юу.
Төсвөөр хөдөлмөр эрхлэлт нь сайжраад брэнд үүсээд үйлдвэртэй болоод хүн ажиллуулаад улсын хэмжээнд өрсөлдөх ААН болсон байгууллага байна уу? (Байхгүй ээ гэж цугласан олон дуу нэгдэв).
Хамгийн их үнийн дүнтэй төсөл хөтөлбөр авсан нь "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв", "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар"-ын харьяа төсөвт үйлдвэрийн газар юм байна.
"Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв", "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар"-т 60, 70 хүн ажиллах нэрийдлээр суух хэрэггүй байна. Манайд сэтгэлтэй 10 хүн байхад л манай байгууллага цаашилна шүү.
Энд дэндүү их цалин, хамаг мөнгөө бид нар ингэж зарцуулж байна. Төсвийн хэмнэлт байхгүй, нэмээд л байна. Энэ хоёр байгууллага ерөөсөө нийлээд л 10 хүний бүтэцтэй байхад болно.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хоолны зардал, хэлэлцүүлгийн зардал, НҮБ-ын сүүдрийн тайлан боловсруулах ажил, хөгжлийн бэрхшээл ба тэгш хүртээмж хурал, оны шилдэг шалгаруулах, үндэсний болон дэд зөвлөлийн хурлын хоол, цай, АШУҮИС-ийн судалгааны ажлын зардал, Job center, өргөтгөл, бодлогын бичиг баримт боловсруулах ажил, сургалтын хоол, цайны мөнгө гэх мэт зардал Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас гарах зардлууд мөн үү?
Энэ чинь бид нарыг дэмжих мөнгө. Гэтэл буруу юмандаа зарцуулагдаад байна.
Нээлттэй шилэн дансаа хөтөлж, гүйцэд тавь. Яагаад мэдээгээ дутуу тавьдаг юм бэ?
Надад бол мэдээлэл өгсөн. Манай агентлаг намайг мэдээллээр хангасан. Надад тааруулаад мэдээлэл өгч байна лээ. Гэхдээ яах вэ тааруулж өгсөн мэдээлэлд нь тааруулаад л судалж нягталлаа. Та хэд маань энэ дундаас шүүн тунгаагаад ойлгоно биз ээ.
Одоо 2025 он дуусах дөхөж байна. Үүнээс хойш үлдсэн мөнгөө арваннэгдүгээр сар, арванхоёрдугаар сардаа 19.5 сая, 19.5 саяар нь татаад бүгдийг нь авна шүү дээ.
"Hand pro" гэдэг компани манай бүх үйл ажиллагаанд оролцдог хамгийн их үнийн дүнтэй. Ямар ч тендер шалгаруулалтгүйгээр орж ирдэг.
Үүнийг яагаад манай хөгжлийн бэрхшээлтэй иргэд дундаас зохион байгуулж болохгүй гэж. Яагаад заавал энэ компани ганцаархнаа ямар ч тендергүйгээр шууд орж ирж манай төсөл хөтөлбөрийг аваад байгаа юм бэ. Үүний ард хэн байгаа юм бэ?
2024 оны арванхоёрдугаар сард гарсан гүйлгээ: 1,827,935,000
Яагаад ийм байдаг вэ гэхээр нөгөө үлдсэн мөнгөө татуулахгүйн тулд ингэж гаргадаг. Ийм хэмжээгээр...
2021 онд төсөл хөтөлбөр авсан байгууллага, санхүүжилтийн дүн:
Маш олон давтамжтайгаар жил болгоны тендерээс төсөл хөтөлбөр болгоноос мөнгө авдаг компаниудыг та бүхэнд харуулж байна.
Нэг хүний ард 7-8 ТББ байдаг шүү. Зарим нь бүр гэр бүлээрээ ч ТББ-тай байх жишээний.
н.Баясгалан, Н.Оюунбаатар, н.Нарантуяа, н.Дэлгэрцэцэг, н.Гэрэл зэрэг хүмүүсийн нэр хамгийн их дурдагдсан.
Манай төсөл хөтөлбөр нэг л хэсэг, нэг бүлэг хүмүүст л үйлчлээд байна. Яагаад эдгээр хэсэг бүлэг хүмүүс дандаа ингэж давуу эрх эдлэх ёстой юм бэ?
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд адилхан тэгш хүртээмжтэй баймаар байна. Бид нар бас төсөл хөтөлбөр, үйл ажиллагаанд оролцмоор байна. Энэ чинь татвар төлөгчдийн мөнгө. Мөнгө нэхэл хатуу шүү.
Төсвийг нээлттэй эрх тэгш олгоё. Хэсэг бүлэг хүмүүс манай төсөл хөтөлбөрийг бүр базчихаад байна. Эдгээр хүмүүс цааш салбарын бодлого, төсвийг зарцуулах ямар ч боломжгүй гэж үзэж байна.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн мөнгийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс санал авах замаар шинээр загварчилж, шаардлагатай төсвийг хугацаа алдалгүй олгодог болмоор байна.
Дэмжих сангийн төсвийг эдгээр хүн, байгууллагуудын шал дэмий, шаардлагагүй, хэрэгцээгүй цай, хоолны төсвийг болиулж хэрэгцээтэй төслийг бид өөрсдөө авъя. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд амьдралаа дээш нь татъя.
Бид хүртээмжтэй байранд хүртээмжтэй төсвөөр хөгжмөөр байна. Бид нар энэ байрандаа ядаж өөрсдөө хөгжье. Энэ чинь хамгийн гол нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөгжүүлэх төв. Зүгээр л биднийг төлөөлөх нэрийдлээр төр төлөөлсөн хүмүүс орж ирж суучхаад цалин аваад өдөр өнжүүлэх шиг л бидний төлөө сэтгэл гаргахгүй ажиллаж байна.
Томоохон арга хэмжээнд сонгон шалгаруулалтгүй шууд авдаг "Hand pro" ХХК мэтийн байгууллага ямар учиртай юм бэ. Үүний учрыг олно. Бид нар дахиж ийм компанид ийм давуу эрх олгомооргүй байна.
Бидний хөгжилд зориулсан төсвийг гаднын цаасан дээрх компани, ТББ-уудад өгмөөргүй байна. Бид өөрсдөө хиймээр байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үүсгэн байгуулсан байгууллага гэдэг шалгуур тавимаар байна. "Чадамжгүй" гэж та нар үзээд байгаа бол бид нар чадамжтай болъё, хөгжье.
Яагаад биднийг мэдлэггүй, мэдээлэлгүй, мэргэжилгүй, хэдэн тэнэгүүд гэж хэлдэг юм бэ. Тийм байлгахын тулд тэд хичээж байна.
Би энд цугларсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл та бүхэндээ баярлалаа. Харин төр төлөөлж байгаа хүмүүст баярлалаа гэж хэлэхгүй.
Яагаад гэвэл "Үндэсний зөвлөл", "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар", харьяа яам, ТББ-ын төлөөлөл орсон эрх ашгаар нэгдсэн хүмүүсээр бид төсвийн зарцуулалтыг хийлгэхгүй, татвар төлөгчдийн мөнгө нэхэлтэй шүү гэдгийг “Холч хараа өрнүүн дэлгэрэх” ТББ-ын тэргүүн Ш.Солонго хэлж, шүгэл үлээв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!