УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.
Хэлэлцэх асуудалтай холбогдуулан 52 гишүүн асуулт асуухаар болсон билээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Ариунзаяа "Ерөнхий сайдад итгэж байгаа. Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүндээ ч биш. Түүний ахалж байгаа баг, Засгийн газар мөрийн хөтөлбөр, бодлогод итгэж байгаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс асуумаар байна, та минь яагаад ингэж их удав аа гэж. Хүмүүсийн ойлгомжгүй нөхцөл байдал үүсээд байгаа нь зөвхөн цүнхний асуудал болоод ийм итгэл үзүүлэх асуудал оруулаад ирэв үү. Яах уу мэдэх нь мэдэж байгаа. Мэдэхгүй гэнэн хүмүүс нээрээ л цүнхнээс болж, орлогоо нотолж чадахгүй байгаа учраас огцрох гээд байгаа юм шиг сонин, нийгмийн уур амьсгалыг өдөөсөн бүлэг хүмүүс байна.
Гадаад дотоод хүний өөрийн олон бүлэг эрх мэдэл, эрх ашиг, баялгийн зодоон булаацалдаан болж, энэ асуудлыг дэвэргэж гаргаж ирж байна хэмээн харж байна. Энэ бол зохион байгуулалттай технологи дээр суурилсан асуудал явж байгаа. Гэнэт хүүхдийн гэдэг юм уу, хүүхэд гэж хэлэхэд хэцүү.
23 настай залуугийн эхнэртээ гэрлэх санал тавьсан асуудлыг технологи дээр суурилж хэн гаргаж ирж байгаа, түүнийг хэрхэн яаж давлагаалж гаргаж байгаа, нийгмийн нөлөөллийг хэрхэн бий болгож байгаа нь цаанаа технологи гэж үзэж байгаа. Бид нар цар тахлын үед 2-3 томоохон тэмцлийг даван туулсан. Ард нь дандаа технологи байдаг" гэв.
Түүний асуултад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Миний хувьд олон ч жагсаалтай нүүр тулж байсан. Яагаад би тийм итгэлтэй жагсагчидтай нүүр тулж, Төрийн ордон руу асуудал үүсэхээс өмнө урьдчилсан сэргийлж байсан бэ гэвэл ордон нэгдмэл байсан.
Энэ удаад ордон өөрөө хуваагдмал нөхцөл байдалтай байгаа би мэдэж байсан. Би гарлаа гээд нөхцөл байдал өөрчлөгдөхгүй байсан" хэмээн хариулав.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!