Монос Групп нь алслагдсан аймаг сумдын иргэдэд орчин үеийн инновацлаг эрүүл мэндийн бүтээгдэхүүн, үйлчилгээг тасралтгүй, тэгш хүртээмжтэй хүргэх нийгмийн хариуцлагын хүрээнд “ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭКСПО 2025” арга хэмжээг Өвөрхангай аймгийн ЗДТГ болон түүний харьяа агентлаг газруудтай хамтран 2025.05.24-ний өдөр Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хотноо амжилттай зохион байгууллаа.
Монос Групп үүсгэн байгуулагдсаны 35 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан энэхүү арга хэмжээ нь төр, хувийн хэвшлийн бүтээлч хамтын ажиллагааг бэхжүүлэх төдийгүй “Эрүүл монгол хүн” Үндэсний хөдөлгөөнийг дэмжих чиглэлийн хүрээнд “ӨВӨРХАНГАЙ МАРАФОН 2025” бүх нийтийн гүйлтийг зохион байгуулав.
Эрүүл амьдралын ус Экос брэндтэй хамтран зохион байгуулсан энэхүү бүх нийтийн гүйлт нь нийтийн эрүүл мэндийг дэмжих, хөдөлгөөнийг идэвхийг нэмэгдүүлэх, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд чиглэж, 5 насны ангилалд 276 хүүхэд, 147 насанд хүрэгч нийт 423 спорт сонирхогч, тамирчид оролцлоо.
Түүнчлэн Улсын 3-р шатлалын нарийн мэргэжлийн тэргүүлэх чиглэлийн эмч нарын баг бүрэлдэхүүнтэйгээр Өвөрхангай аймгийн Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төвийн эмч, эмнэлгийн ажилтнуудтай хамтран 200 гаруй иргэдэд зүрх судас, дотор, хүүхэд, үе мөч, бөөрний чиглэлийн нарийн үзлэг, оношилгоо хийсэн байна.
Аймгийн төв дэх Ард Аюушийн нэрэмжит талбайд эм, эрүүл мэнд, эмчилгээний гоо сайхны үйлдвэрлэл, худалдааны болон сургалт, судалгааны 20 гаруй байгууллага, аж ахуйн нэгжүүд орчин үеийн технологийн инновацлаг бүтээгдэхүүнийг иргэдэд танилцуулах, таниулах, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх өдөрлөгийг өргөн хүрээнд зохион байгууллаа.
Арга хэмжээний хүрээнд Хангайн бүсийн Өвөрхангай, Архангай, Баянхонгор, Говь-Алтай аймгуудын 350 гаруй эмч, эмч зүйч нар хүрэлцэн ирж эрдэмтэн судлаач багш нараас эрүүл мэндийн салбарын шинэ мэдлэг, мэдээлэл авч, хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор мэргэжлийн networking уулзалт зэрэг үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан.
Монгол хүн бүрийн эрүүл байх чанарыг дээшлүүлэх, өвчлөлгүйгээр эрүүл саруул, урт удаан амьдрах туйлын эрхэм зорилгыг хангахад Монос Групп болон Өвөрхангай аймгийн ЗДТГ-аас хамтран зохион байгуулсан энэхүү “ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭКСПО 2025” арга хэмжээ нь хувь нэмрээ оруулсан, өндөр ач холбогдолтой арга хэмжээ болсон юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!