Эрчим Хүчний Зохицуулах Хороо(ЭХЗХ) маргааш цахилгаан болон дулааны үнийг хэрхэн нэмэх шийдвэрээ гаргаж, олон нийтэд танилцуулна.
Тус хорооноос өгч буй мэдээллээр бол олон төрлийн хувилбараар өөрчлөлтийг тооцоолж байгаа бөгөөд төрийн албаны гурав, Хэрэглэгчийн Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэгээс сонгогдсон нэг, Монгол Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимын төлөөлөл нэг буюу нийт таван хүн хэлэлцэж, хамтын шийдвэрийг гаргана гэж буй.
Урьдчилсан байдлаар өгсөн мэдээллээр бол цахилгааны үнэ тарифыг шаталсан байдлаар тогтоож, эхний 150 кВт.ц-ыг 175 төгрөгөөр, түүнээс илүү гарсныг 29.6 хувь нэмэгдүүлж, 280 төгрөгөөр тооцох бол дулааны тариф 33,862 төг/Гкал байгааг 42.6-85.9 хувь нэмэгдүүлж, 62,960 төг/Гкал болгохоор төлөвлөсөн. Гэхдээ аж ахуйн нэгж байгууллагын тарифыг ирэх сарын 1-нээс, айл өрхийн тарифыг 2025 оны зургаадугаар сарын 1-нээс шинэчилж, өртөгт нь хүргэнэ гэжээ.
Энэ талаар ЭХЗХ-ны дарга Э.Түвшинчулуун "Дулаан м.кв буюу эзлэхүүнээр тооцдог учраас хэмнэх сонирхол бага байдаг. Иймд дулааныг тоолуураар тооцдог болно. Улаанбаатарт 311 мянган хэрэглэгч байгаагийн 0.5 хувь нь тоолууртай. Судалж үзэхэд нийт хэрэглэгчийн 49 хувьд шинээр тоолуур тавьж болохоор байгаа бол 51 хувь буюу хуучны байруудад боломжгүй байгаа учраас өөр шийдлийг судална.
Эхний ээлжид боломжит 49 хувьдаа тоолуур тавина гэсэн үг. Цаашид шинээр ашиглалтад орох орон сууцанд техникийн шаардлагад нь тусгаж өгөх хэрэгтэй. Хамгийн шударга шийдэл нь хэрэглэснээрээ төлбөрөө төлдөг байх юм.
Бид дунджаар 50 м.кв орон сууцанд амьдардаг дөрвөн ам бүлтэй нэг өрхөөр тооцож үзсэн. Энэ өрхийн цахилгааны сарын төлбөр 36,200 төгрөг байгаа нь үнэ өсөхөөр 52,000 төгрөг болно. Сарын хэрэглээ дээр 15,000 төгрөг нэмэгдэнэ. Дулааны төлбөр нь сард 42,000 төгрөг гардаг гэж үзэхэд хоёр дахин буюу 84,000 төгрөг болохоор байгаа. Халаалтын бус улиралд бол халуун усны хэрэглээний төлбөр л тооцогдоно.
Өнөөдрийн байдлаар цахилгаан дулааны төлбөрийн өрхийн орлогод эзлэх хувь 3.1 байгаа. Тариф өөрчлөгдөхөд 5.4 хувь болно. Харин халаалтын бус улиралд 2.2-3.5 хувь байна" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!