"Хэдхэн хоногийн дараа өвлийн тэргүүн сар гарч, 2025 оны гуравдугаар сард хаврын тэргүүн сар гарна. Өвөл урт болно. Нөхцөл байдал хүнд байна" гэж Багануур ХК-ны гүйцэтгэх захирал Д.Түвшинжаргал өчигдөр танилцуулсан мэдээллийнхээ төгсгөлд хэлсэн нь анхаарал татаж байлаа.
Уг нь өдийд тус компани өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангасан байх ёстой ч одоогоор 88 хувьтай байгаа аж.
Учир нь хөрс хуулалтын ажил хоцорсон, өмнө эрчим хүчний хэрэглээний өсөлтөөс шалтгаалан ухаж гаргасан нүүрсийг нь станцууд шууд авдаг байна.
Тэрбээр өчигдөр Дулаан Гуравдугаар Цахилгаан Станц(ДЦС 3)-ын нөхцөл байдлыг танилцуулах үйл ажиллагааны үеэр Багануур ХК-д тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл өгсөн юм. Учир нь "ДЦС 3"-т нүүрс нийлүүлдэг цор ганц уурхай нь Багануур юм.
Тус уурхай нь
Мөн Дархан, Эрдэнэт хотуудын дулааны станц, Амгалан, Налайх, аймгийн төвүүд, суурин газрууд, цэргийн анги, хорих анги, Найрамдал зуслан, Чингис хаан нисэх буудлыг нүүрсээр хангадаг гэдгээ гүйцэтгэх захирал нь танилцуулсан.
Багануур ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Түвшинжаргал "Тулгамдаж буй хэд хэдэн асуудал бий.
Нэгдүгээрт гүнзгийрэл нэмэгдсэн. Одоогоор 137 метрийн гүнээс нүүрсээ гаргаж байна. Маш их хэмжээний хөрс хуулалт, өрөмдлөг тэсэлгээ, ус шүүрүүлэх ажил хийсний үндсэн дээр нүүрсээ гаргадаг.
Хоёрдугаарт Багануурын уурхай нь хугацаа хэтэрсэн тоног төхөөрөмжтэй. 20 жил ажиллах ёстой экскаватор 39 дэх жилдээ ажиллаж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, журам, стандартууд хэцүү болсон.
Гуравдугаарт хүний нөөц мөн. 2024 он гарснаас хойш өнөөдрийн байдлаар 100 хүн ажлаасаа гарсан. Үүний хамгийн их буюу 26 нь өөрийн хүсэлтээр гарлаа. Нийт ажилтны 70 хувь нь 45 хүртэлх насны залуус. Энэ дундаа 30 хүрээгүй 330 залуу байна. Ахмад үеийн уурхайчид Монгол Улсынхаа гал голомтыг сахиж байгаа, дулаан, цахилгаантай байлгах гэж байгаа гэдэг бодол нэгдүгээрт байсан бол өнөөгийн залууст миний хөдөлмөрийн гэрээний заалт юу вэ, цалин хэд вэ гэдэг болсон. Гэрээндээ тохирсон ажлаа л хийнэ гэдэг. Багануурын уурхай үндсэндээ говийн уурхайнууд, алт жоншны уурхайнуудад ажиллах хүч бэлдэж өгдөг газар болчихлоо" гэсэн юм.
Түүнчлэн үүссэн алдагдлынхаа талаар ярихдаа "55,700 төгрөгөөр нэг тонн нүүрс олборлоод 43,000 төгрөгөөр зарж байна. Манайх нэг вагон ачихдаа 635,000 төгрөгийн алдагдал хүлээдэг. Багануурын уурхай хоногт 223 вагон ачих төлөвлөгөөтэй бөгөөд өдөрт 132 сая төгрөг, сардаа 4 тэрбум орчим төгрөг, хагас жилд 23.6 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилладаг.
Багануур болон Шивээ Овоогийн уурхай нь эрчим хүчний салбараас хамааралтай. Станцууд мөнгөө төлж чадахаа больдог, дагаад уурхай хүндэрч байдаг. Өнөөдрийн байдлаар 10 тэрбум төгрөгийн авлагатай байна. Нийт өр төлбөр 260 тэрбум төгрөгт хүрсэн.
Төр нэг гараараа манай үнийг тогтоодог. Нөгөө гараараа акт тавьчихдаг. Маш олон жил өртгөөсөө доогуур нүүрсээ борлуулж байгаагаас алдагдалтай ажиллаж, татвар хоцрогдолтой байдаг. Битгий акт тавиач гэж гуйсан ч Татварын Ерөнхий Газар энэ жил 14 тэрбум төгрөгийн акт тавьсан. 14 тэрбум бол манай ажилтнуудын хагас жилийн цалин" хэмээсэн юм.
Харин өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар "Ердөө хэдхэн хоногийн дараа өвлийн тэргүүн сар гарна. Хаврын тэргүүн сар 2025 оны гуравдугаар сард гарна. Урт өвөл болно. Энэ өвлийг яаж давах вэ гэдэг хүнд сорилт бий.
Өнөөдрийн байдлаар авахад бэлэн нүүрсний нөөц 480 мянгад хүрсэн байх ёстой ч 230 мянгатай байна. Энэ байдлаараа явахад он шилжих мөчид 85 мянган тонн нөөцтэй болно. Багануур хоногт 230 вагон ачиж байгаа. Арваннэгдүгээр сараас 240 вагон болно.
Хэрэглээ өсөн нэмэгдсэний дээр техникийн хоцрогдол, байгаль цаг уураас шалтгаалан хөрс хуулалтаа хийж чадахгүй байна. Бид 1.8 сая м.куб хөрс хуулалтын алдагдалтай яваа. Энэ бол 400 мянган тонн нүүрсийг нээчихсэн байх ёстой байсан гэсэн үг" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!