Дорнод Африкийн Руанда улсын гоо бүсгүй согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, ингэхдээ жолооны үнэмлэхгүй байсан үндэслэлээр баривчлагджээ.
Одоо 21 настай Дивин Мухето ийм гэмт хэрэг үйлдэхдээ автомашинаар замын дэд бүтцийг мөргөн гэмтээгээд зугтсан тухай Руандагийн цагдаагийн байгууллага өчигдөр мэдээлсэн юм.
Бас Мухетогийн хувьд энэ нь согтуу жолоо барьсан анхны тохиолдол биш болохыг зарласан байна.
Мисс бүсгүй зам тээврийн осол гаргасан тухай цуурхал Руанда даяар хэдэн өдрийн турш яригдсаны дараа ийнхүү цагдаагийн байгууллага тодорхой мэдээлэл өгсөн юм.
Мухетогийн шүүх хурал Пүрэв гарагт эхлэхийг нийслэл Кигали хотын шүүхийн төлөөлөгч мэдээлжээ.
Руанда улсад хамгийн сүүлд 2022 онд гоо бүсгүй шалгаруулах үндэсний хэмжээний тэмцээн болоход Мухето түрүүлж байсан юм.
Гэвч зохион байгуулагчид нь бэлгийн хүчирхийллийн хэрэгт холбогдсоны дараа Руандагийн засгийн газар уг тэмцээнийг хориглосон байна.
Тиймээс Мухето одоогоор Руандагийн гоо бүсгүйн титмийг хадгалсан хэвээр байгаа юм.
Тус улсын эрх баригчид согтуу тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцсон хүмүүст хатуу шийтгэл оноодог болоод удаагүй байгаа.
Ийм гэмт хэрэгт 150,000 руанда франкийн ($110) мөнгөн торгууль, таван өдөр цагдан хорих шийтгэл оноодог болжээ.
Шинэ журам хэрэгжиж эхэлснээс хойш богино хугацаанд олон мянган хүн шийтгүүлж, согтуугаар автомашин жолоодох үзэгдэл буурсан гэдэг.
2022 онд Руанда улсын парламентын гишүүн ийм хэрэг үйлдсэнийхээ дараа олон нийтээс уучлал гуйгаад огцорч байсан юм.
Харин Мухето урлаг, энтертайнментийн салбарынхнаас уг шийтгэлийг хүлээсэн хамгийн алдартай хүн болох гэж байгаа тул энэ хэрэг олны анхаарлын төвд байгаа ажээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!