Уншиж байна ...

Н.Номтойбаяр: Ирэх оны төсөв зарлага талдаа хэтэрхий үрэлгэн байна. Мөн халамж, татвар, НДШ буурахгүй нь

А.Ням-Өлзий, iKon.mn
2024 оны 10 сарын 31
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-аар хэлэлцэх Цөмийн энергийн тухай хууль, 2025 оны төсвийн төсөлд оруулах зарчмын зөрүүтэй саналуудаар Үндэсний Эвслээс мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Цөмийн энергийн тухай хуулийн төслийн манай нам зүгээс дэмжихээр шийдсэн. Гэхдээ уран олборлох, Францын Засгийн газрын гэрээ хэлэлцээр болон хамтран төсөл дээр анхаарч үзэх хэд хэдэн асуудал бий. Өнөөдрөөс 15-16 жилийн өмнө Оюутолгойн гэрээг байгуулж байсан. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл маш олон асуудал үргэлжилсээр байгаа. Тиймээс олон улсын гэрээ хэлэлцээрт Монгол улс язгуур эрх ашгаа хамгаалах асуудал маш чухал.

Мөн 2025 оны Монгол Улсын төсвийг УИХ-аар хэлэлцэж байна. Шинээр бүрдсэн парламент анхны төсвөө хэлэлцэж байна.

Өмнөх жилийн төсвийн зарлага 20 их наяд байсан бол 2025 оны зарлага 30 их наяд төгрөг болсон. Орлого тал нь баталгаагүй. Гол орлогын эх үүсвэрээ түүхий нүүрсний зах зээлээс авч байгаа. Гэтэл өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нүүрсний үнэ унасаар байгаа. Үндсэндээ орлого, зарлагын зөрүү гарахаар инфляц өдөөгдөж, төгрөгийн ханш буурдаг. Эцсийн дүндээ цалин, тэтгэврийн худалдан авах чадвар буурдаг.

Мөн зарлага талдаа хэтэрхий үрэлгэн байна. Халамж, татвар, НДШ буурахгүй юм байна.

Ирэх оны төсөвтэй холбогдуулан УИХ дахь Үндэсний Эвслээс Боловсролын зээлийн сангийн санхүүжилтийг нэмүүлэх санал гаргаж байгаа. 

Боловсролын зээлийн санд ирэх онд 157 тэрбум төгрөг төсөвлөсөн юм байна. Өнөөгийн бүх салбарт боловсон хүчин дутагдалтай байгаа. Тиймээс энэ сангийн санхүүжилтийг нэмэх шаардлагатай байна. Мөн тус сангийн журмыг эргэж харъя нь зүйтэй" гэв. 

УИХ-ын гишүүн А.Ундраа "Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг яг одоо УИХ‑аар хэлэлцэж байна. Бүгд Найрамдах Франц улсын “Орано майнинг” компанитай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах эрхийн нээж өгөх агуулгаар хуульд өөрчлөлт оруулж байгаа. Үүнтэй холбоотой хэд хэдэн зүйл байна.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Франц улсын хооронд цөмийн энергийн салбарт хамтран ажиллах гэрээ байгуулснаас хойш 10 гаруй жил өнгөрч байна. Энэ хугацаанд Монгол Улсын Засгийн газар хариуцлагагүй үйлдэл гаргаж “Хан ресурс” компанийн лицензийг цуцалснаас олон улсын арбитрын шүүхээр маш их хэмжээний төлбөрт орсныг та бүхэн мэдэж байгаа байх. Мөн тодорхой байр суурь илэрхийлж чадахгүй байсны улмаас маш олон хөрөнгө оруулагч, хайгуулын компаниуд гарч явсан. Дэлхийн хамгийн том олборлогч болох Канадын компани ч Монголоос гарсан. Эдгээр нь гадаадын хөрөнгө оруулалт буурахад тодорхой хүчин зүйл болсон.

Одоогоор манай улсад Хятад, Чех, Франц зэрэг улсын найман компани ураны ашиглалтын лицензтэй байна. “Орано майнинг” бол тэдний нэг. Тэгэхээр бид өнөөдөр зөвхөн нэг компанид зориулж хуульд өөрчлөлт оруулж байгаа бус энэ салбарын түгжээг мулталж, хөрөнгө оруулалт татах нааштай алхам хийж байгаа явдал юм.

Францын талтай байгуулсан хэлэлцээрийг харах юм бол ураныг газар доор уусган баяжуулах, цааш нь хөрвүүлэх, цөмийн түлшний судалгаа хийх, цаашлаад цөмийн цахилгаан станцыг хамтран байгуулах, хүний нөөц бэлтгэх зэрэг маш өргөн хүрээний гэрээ хийгдсэн байна. Хэлэлцэж буй хуулийн төсөлд эдгээр асуудлыг дурдаагүй нь хангалттай өөрчлөлт оруулаагүйг харуулж байна" гэлээ. 

Энэхүү мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад Үндэсний Эвслийн тэргүүн Н.Номтойбаяр хариуллаа.

-Гишүүд тойрогтоо төсөв тавиулах асуудал яригдсан. Энэ дээр Үндэсний Эвсэл ямар байр суурьтай байгаа вэ?

-Жил болгон төсөв батлагдах үед ялангуяа төсөв УИХ-ын босго давахгүй байх нөхцөл үүсэнгүүт тойрогт нь хөрөнгө оруулалт нэрээр төсөв тавьдаг. Миний мэдэхийн таван тэрбум төгрөг жишиг болоод хэдэн жил болсон. Энэ бол цаад утгаараа төсвөө УИХ-аар батлуулах хахууль. Нөгөө талд тойрогт үнэхээр их асуудал байдаг. Үүнийг УИХ-д сонгосон төлөөлөл нь шийдэхээс өөр аргагүй. Гэхдээ юманд хэмжээ хязгаар байх ёстой. Засгийн газар эсвэл орон нутгийн урдуур орсон, орон нутгийн төсөвтэй холилдсон байдал бий.