ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/03-НД НИЙТЛЭГДСЭН

У.Хүрэлсүх: Залуу үе чинь хатуу шаардлага тавьж байхад хараагүй, сонсоогүй юм шиг шал анги юм яриад байна аа. Парламент зохих хариуг өгөх ёстой

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 6 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр "Төрийн эрх барих дээд байгууллагынхаа хуралд өөрийн биеэр оролцож, зарим тодорхой бус зүйл дээр хариулт өгөх нь чухал болжээ. Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш парламентад хүндэтгэлтэй хандаж ирсэн. Хамтарсан Засгийн газрыг бүх талаар дэмжсэн. Л.Оюун-Эрдэнийг ерөнхий сайдаар ажиллаж буй таван жилийн хугацаанд бүх талаар дэмжлээ. 

Би нэг удаа парламент дээр орж ирж, Засгийн газрын үйл ажиллагааны талаар буруу, зөрүү зүйл ярьж байсныг та бүхэн сонсоогүй байх. Олон жил ерөнхий сайдыг хүмүүжүүлж, сургаж бэлтгэж, хамт амьдарсан улс төрийнхөө хувьд энд сууж байгаа хоёр даргад хүндэтгэлтэй ханддаг. Хайрладаг, хамгаалдаг, өнөөдөр ч гэсэн хайртай байгаа. Тиймээс хувь хүний асуудлаар янз бүрийн юм хөндөж ярихгүй зарчмын хэд хэдэн зүйл хариулт өгнө.

Нэгдүгээрт хүн засаглахгүй хууль засаглана. Ямар хүн Монгол Улсыг ерөнхийлөгчийн засаглал руу шилжих ёстой гэж хэлээд байгааг би ойлгохгүй байгаа. Би улс төрд ороод 35 жил болж байна. Би ардчилсан нийгэмд өсөж хүмүүжсэн, миний итгэл үнэмшил бол парламентын засаглал. Тиймээс парламентын засаглалыг боловсронгуй болгохын төлөө өөрийнхөө улс төрийн бүх он жилийг зориулсан.

Ерөнхийлөгч өөрийнхөө бүрэн эрхийн бүх юмнаас татгалзсан та бүхэн мэдэж байгаа. Үүнийг ерөнхий сайд, МАН-ын дарга байх үедээ хийсэн. Би өөрөө ерөнхийлөгчийн эрх мэдэлд байсан АТГ-ыг гүйцэтгэх засаглалд шилжүүлсэн. Манай нөхцөлд ерөнхийлөгч бол дээд танхимын үүрэг гүйцэтгэдэг шүү дээ хөөрхий. 

Өнөөдөр ерөнхийлөгч шүүгчийг томилохгүй байгаа. Төрийн тэргүүн хэн нэгэн хүнийг дарамтлаад, засаг төрөө дарамтлаад байх боломж байхгүй. Надад ганцхан зүйл байгаа нь ард түмний өгсөн итгэл найдвар. Би албан ёсоор нэг зүйл хэлье. Анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 100 жилийн ойгоор Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй, намайг ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаанд гэж. Манай ард түмний сонгосон засаглал бол парламент. Намайг ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаанд Үндсэн хуульд ямар нэгэн өөрчлөлт орохгүй гэдгийг албан ёсоор хэлье. Би өөрийгөө дахин зургаан жилээр сонгохгүй. Намайг хэн дахин сонгоод байгаа юм бэ. 

Би энэ хоёр даргыг хүүхэд байхаас авхуулаад зарчимтай байгаарай гэж байнга захиж ирсэн. Хулгай битгий хийгээрэй, худал битгий хэлээрэй гэж амьхандаа ах хүний хувьд, дарга удирдагч хүний хувьд захиж ирсэн. Захиасыг маань хөсөрдүүлэхгүй байх гэж найдаж байгаа.

Сүүлийн 20 хоног харлаа. Би ерөнхий сайд, УИХ-ын даргад ард түмнээ сонсооч гэж хэлж байгаа. Энэ олон зуун залуучууд талбай дээр гарч ирээд 20 хоног жагслаа. Тавьж буй шаардлага нь маш тодорхой. Монгол Улс ардчилсан засаглалтай, парламентыг ард түмэн сонгодог. Тиймээс ард түмний төлөөлөл болоод залуу үе чинь гарч ирээд шударга ёс тогтоох, хариуцлага байх тухай хатуу шаардлага тавьж байхад хараагүй, сонсоогүй юм шиг шал анги юм яриад байна аа. Асуудлаа тодорхой яриач. Ард түмний тавьж байгаа шаардлагад манай парламент зохих хариуг өгөх ёстой.

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн, шадар сайдын ажил, ерөнхий сайдын ажлыг өөрийн сайн дураар өгч байлаа. Энэ бүхний цаана нэг л юм агуулагдаж байсан энэ бол олон түмний эрх ашиг. Ард түмний эв нэгдлийг удирдагч хүн тэргүүн зэрэгт тавих ёстой. Өөрийн хашиж байгаа өчүүхэн албан тушаалд битгий шигд. Ард түмнээс уучлалт гуйдаг чадвартай байх хэрэгтэй, алдаа гаргасан бол. Үнэнээ хэлдэг байх ёстой. Худлаа ярьж болохгүй. Хуурч мэхэлж болохгүй.

Би өөрийнхөө албан тушаалыг хэзээ ч бусдад худалдаж байгаагүй, улс орноосоо хулгай хийж байгаагүй. Би ерөнхийлөгчийн өндөр сэнтийг гаднынханд 50 сая воноор зарж байгаагүй. Би таван нам дамжиж амьдраагүй. Би эхнэрээ солиогүй, намаа солиогүй, нөхдөөсөө урваагүй. Дээр нь би эх орондоо хайртай. Хэрэв та бүхэн ард түмнийхээ талд асуудлаа шийдэж чадахгүй бол ард түмэн арай ондоогоор ярьж магадгүй янзтай байна шүү.

Төрийн тэргүүнийхээ үгийг та бүхэн маань сайн тунгааж, зөвөөр ойлгож, асуудлаа шийдэх байх хэмээн найдаж байна. Хамтарсан Засгийн газар харамсалтайгаар өндөрлөж байгаад би харамсаж байна. Би хамтарсан Засгийн газрыг тултал нь дэмжиж байсан. Энэ Засгийн газар яагаад тарсан бэ гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх. Үүнийг надаас биш ерөнхий сайдаас асуух хэрэгтэй. Хэн үүнийг тараах санаачилга гаргасан бэ гэдгийг холбогдох хүмүүс хариулах болов уу гэж бодож байна" гэв. 

ШУУД ҮЗЭХ:

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
87
Зураг
ЗӨВ, ГОЁ
13
Зураг
ХАХА
8
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
72 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг