Уншиж байна ...

Шинжилгээгээр “Сайжруулсан хатуу түлш нь стандарт хангасан” гэж дүгнэжээ

Б.Манлай
2024 оны 10 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнөөдрийн байдлаар нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсүүдэд 80 мянга гаруй тонн, үйлдвэрийн бүсэд 7,596 тонн сайжруулсан шахмал түлшний нөөцийг бүрдүүлжээ.

Сайжруулсан шахмал түлшний дотоодын тээврийг үйлдвэрээс агуулах, үйлдвэрээс борлуулалтын цэг, агуулахаас цэг гэсэн үндсэн гурван маршрутаар явуулдаг. Ингэхдээ 29 компанийн 280 гаруй тээврийн хэрэгсэл, 600 орчим ажилтан өдөрт дунджаар гурван рэйсийн давтамжтайгаар сайжруулсан түлшийг тээвэрлэж байна. Нийт 650 борлуулалтын цэг ажиллаж байгаа аж.

2024 оны хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу “Таван толгой түлш” ХХК-ийн баруун, зүүн, төвийн бүсийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх шинжилгээт хяналт шалгалтыг 8 удаа, төлөвлөгөөт бус хяналт шалгалт гурван удаа хийгджээ.

Хяналт шалгалтаар сайжруулсан шахмал түлш, барьцалдуулагч, мидлингээс дээж авч лабораторийн 24 дээж шинжилгээнд хамруулж, улсын байцаагчийн 10 дүгнэлт гарган хүргүүлжээ. Шинжилгээгээр “Сайжруулсан хатуу түлш MNS 5679:2022 стандартын техникийн шаардлага хангасан” хэмээн гарчээ.

Одоогийн байдлаар 2024 оны хагас жилийн хугацаанд 15 дээжийг шинжилгээнд өгч, дүгнүүлжээ.

Таван толгой түлш” ХХК-ийн Төвийн бүсийн үйлдвэр жилд 600 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадалтай. Халаалтын улиралд дунджаар 2 шугам ажиллаж, 600-800 тонн түлш үйлдвэрлэж байна. Зүүн бүсийн үйлдвэр жилд 600 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадалтай.

Одоогийн байдлаар хоногт 3 шугам ажиллаж, нийт 2,100-2,300 тонн түлш үйлдвэрлэж байна гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.