Уншиж байна ...

Израил улс Ираны пуужингийн үйлдвэрлэлд ноцтой хохирол учруулсан байж болзошгүйг мэргэжилтнүүд мэдээлжээ

Т.Давааням, ikon.mn
1 цаг 47 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Аравдугаар сарын 1-ний өдөр Иран улс нутаг дэвсгэрт нь 200 орчим баллистик пуужингаар довтолсны хариу арга хэмжээг Израилийн арми Бямба гарагийн шөнө авч хэрэгжүүлсэн билээ.

Ингэхдээ сөнөөгч нисэх онгоцнуудын гурван ээлжийн дайралтаар Ираны цэрэг, зэвсгийн байгууламжуудад халдсан гэж мэдээлж байгаа.

Тэгвэл хувийн компанийн хиймэл дагуулаас авсан зургуудыг шинжилсэн Америкийн хоёр мэргэжилтэн Израилийн арми Ираны баллистик пуужингийн үйлдвэрүүдэд хохирол учруулсныг тогтоожээ.

Тухайлбал НҮБ-ын зэвсгийн хянагч асан, Шинжлэх Ухаан, Олон Улсын Аюулгүй Байдлын Судалгааны Хүрээлэнгийн тэргүүн Дэвид Олбрайт, Вашингтонд төвтэй CNA бодлогын хүрээлэнгийн судлаач Декер Эвелет нар тус тусдаа ийм дүгнэлт гаргасан байна.

Эвелетийн үзэж байгаагаар Израилийн онгоцнууд Тегераны ойролцоо Хожир дахь пуужингийн үйлдвэрт халдсанаар Иран улсын пуужин бөөнөөр үйлдвэрлэх хүчин чадалд ноцтой хохирол учруулсан байх магадлалтай гэнэ.

Тэрбээр Planet Labs компанийн хиймэл дагуулаас авсан зургийг шинжлээд Хожир дахь баллистик пуужингийн хатуу түлш холигч байгууламж сүйрснийг баталжээ.

Олбрайт бас хиймэл дагуулаас авсан зургийг шинжлээд Ираны төв бүсийн Парчин мужийн нутагт оршдог баллистик пуужингийн хатуу түлш холигч болон агуулах зэрэг гурван байгууламжийг Израилийн онгоцнууд сүйтгэснийг илрүүлсэн байна.

Олбрайт аль компанийн хиймэл дагуулаас зураг авснаа дурдаагүй юм.

“Түлш холигч бол үйлдвэрлэхэд маш хэцүү, бас экспортын хатуу хяналттай систем. Иран улс эдгээрийг бүтээхэд их хугацаа, мөнгө хөрөнгө зарцуулсан тул сэргээхэд хэцүү байх болов уу” гэж Эвелет тайлбарлажээ.

Израил улс харьцангуй хязгаарлагдмал хүрээнд агаарын довтолгоо зохион байгуулахдаа Ираны пуужин үйлдвэрлэлийн ирээдүйг сүйтгэсэн байж болзошгүйг тэр хэлж байна.

“Тэдний цохилт маш өндөр нарийвчлалтай байжээ” гэж Эвелет дүгнэсэн юм.

Иран улс бол Ойрх Дорнодод пуужингийн үйлдвэрлэлээр тэргүүлэгч бөгөөд Украины эсрэг дайнд ашиглах пуужинг ОХУ-д нийлүүлдэг. Бас Йемений босогчид, Ливаны Хезболла байгууллагыг пуужингаар хангадаг гэсэн мэдээлэл АНУ-ын албаныханд бий.

Хэрвээ мэргэжилтнүүдийн дүгнэлт зөв бол Иран улсын пуужин үйлдвэрлэлийн салбарын үйл ажиллагаа хэсэгтээ тасалдах магадлалтай болжээ.

 

Эх сурвалж: Reuters