Уншиж байна ...

Саналын хуудсыг устгаж буйг харуулсан хуурамч дүрс бичлэгийг Оросууд үйлдсэнийг илрүүлснээ АНУ-ын албаныхан зарлажээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Пенсильвани мужид нэр дэвшигч Дональд Трампыг сонгосон саналын хуудаснуудыг бөөнд нь устгаж буйг харуулсан дүрс бичлэг Америкийн сошиал орчинд хүчтэй тархаад байв.

Тэгвэл энэ хуурамч бичлэгийг Орос улстай холбоотой этгээдүүд үйлдсэнийг илрүүлж, сошиал орчноос устгаж цэвэрлэснээ АНУ-ын албаныхан өчигдөр зарлажээ.

Бичлэгт Пенсильвани мужийн Бакс дүүргийн санал авах байранд нэгэн эрэгтэй Трампын төлөө санал өгсөн хуудаснуудыг ялгаад урж байгааг харуулсан байв.

Пүрэв гарагт Бакс дүүргийн удирдлагууд бичлэгт гарч буй саналын хуудас, дугтуй зэрэг материал нь жинхэнэ биш болохыг шинжилж тогтоосноо мэдэгдсэн юм.

Харин өчигдөр Үндэсний Тагнуулын Газрын Даргын Алба (ODNI), Холбооны Мөрдөх Товчоо, Кибер Аюулгүй Байдал, Дэд Бүтцийн Аюулгүй Байдлын Агентлаг (CISA) хамтарсан мэдэгдэлдээ үүнийг ирэх сонгуулийн үр дүнд нөлөөлөх зорилготой Оросын нууц ажиллагааны нэг хэсэг байсныг тогтоосноо зарлажээ.

“Пенсильвани мужид саналын хуудаснуудыг урж буй хувь хүнийг харуулсан хуурамч дүрс бичлэг Оросын тоглогчдын бүтээл байсныг баталлаа. Энэ бол АНУ-ын сонгуулийн шударга байдалд эргэлзээ үүсгэх, америкчуудын дунд хагарал үүсгэх Москвагийн өргөн хүрээтэй үйл ажиллагааны нэг хэсэг юм” гэж дээрх мэдэгдэлд дурдсан байна.

Хуурамч дүрс бичлэгийг Storm-1516 нэртэй Кремлийн суртал нэвтрүүлгийн бүлэг үйлдсэнийг мэргэжилтнүүд тогтоожээ.

Тус бүлэг өмнө нь нэр дэвшигч Камала Харрис, түүний дэд ерөнхийлөгчид нэр дэвшигч Тим Уолц нарын нэр хүндийг унагах зорилготой хуурамч дүрс бичлэгүүдийг тарааж байсан гэнэ.

Оросоос гадна Иран, Хятад улсын эх сурвалжууд АНУ-ын ардчилсан тогтолцоонд эргэлзээ үүсгэх, америкчуудыг хагаралдуулах зорилготой мэдээлэл цацаж байгааг ODNI энэ долоо хоногийн эхээр анхааруулж байв.

“Гадаад орнуудын нөлөөлөх оролдлого сонгуулийн өдөр хүртэл эрчимжих төлөвтэй байна. Ялангуяа сошиал орчинд. Бас зарим хуурамч материалыг бүтээхдээ хиймэл оюуны технологи ашиглаж байна” гэж дээрх анхааруулгад өгүүлжээ.

 

Эх сурвалж: AFP