Уншиж байна ...

Узбекистаны уулсаас Торгоны зам дагуу оршиж байсан хоёр хотын туурийг илрүүлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Дорнод Узбекистаны өндөр уулсын бүсээс дундад зууны хоёр хотын туурийг илрүүлсэн ажлынхаа тайланг археологичид энэ долоо хоногт танилцуулжээ.

Эдгээр хотууд өрнө, дорныг холбодог Торгоны их замын дагуу байрладаг ч өндөр уулан дээр байсан нь анхаарал татаж байна.

Тухайлбал хоёр хотын том нь болох Тугунбулак далайн түвшнээс 2,000 гаруй метрийн өндөрт байрладаг байжээ.

Нөгөө хот Ташбулак нь бас ижил хэмжээний өндөрлөгт байрладаг байсан байна.

Өнөөдөр ийм өндөрт дэлхийн хүн амын дөнгөж гурван хувь амьдардаг бөгөөд Төвөдийн Лхас, Перугийн Куско зэрэг цөөн хот ийм өндөрт оршдог.

Эртний цэцэглэн хөгжиж байсан хотууд голдуу нам дор газар, гол усны эрэг дагуу байрладаг тул дээрх нээлт маш ховорт тооцогдож байна.

зураг
 

Тугунбулак, Ташбулак хотууд наймаас 11 дүгээр зууны үед тухайн үед оршин тогтнож байсан Түрэгийн хүчирхэг эзэнт улсын захиргаанд байжээ.

Узбекистаны Үндэсний Археологийн Төвийн захирал Фарход Максудов, АНУ-ын Сэйнт Луйз хот дахь Вашингтоны Их сургуулийн археологич Майкл Фрачетти нарын удирдсан нээлтийн тухай мэдээлэл энэ долоо хоногт шинжлэх ухааны “Nature” сэтгүүлд нийтлэгдсэн юм.

Тэд хотуудын балгас ууланд байгааг бүр 2011 онд мэдсэн ч арав гаруй жилийн дараа дрон, зайнаас мэдрэгч лидар зэрэг орчин үеийн техник төхөөрөмж ашиглан бүрэн илрүүлжээ.

зураг
 

Хотууд ийм өндөрт байсан шалтгааныг төмрийн хүдэр хайлуулахад шаардлагатай уулын хүчтэй салхийг ашиглаж байсантай холбоотой гэж судлаачид тайлбарлаж байна.

“Дундад зууны үед төмөр эзэмшсэн нь хамгийн хүчтэй байлаа” гэж Максудов тайлбарлажээ.

Гэхдээ энэ нь эргээд тухайн хотуудыг мөхөх шалтгаан болсон гэж үзэж байна.

Хотынхон төмрийн үйлдвэрлэл явуулахын тулд ууланд ургадаг арц модны өтгөн шигүү ойг огтолсноос уулын үер, цасны нуранги нэмэгдэж, цаашид оршин тогтноход хэцүү болсон гэнэ.

Гол усны сав хөндийгөөс л эртний хотын балгас туурийг олдог байсан бол ийм өндрөөс цэцэглэн хөгжиж байсан хотын ул мөр олсныг бусад эрдэмтэд ч гайхалтай ховор тохиолдол гэж үзэж байна.

“Ямар гайхалтай эрдэнэсийн сан бэ? Энэ нээлт мянга гаруй жилийн өмнөх Ази тивийг дайран өнгөрдөг байсан зам харилцаа болон байгалийн баялаг ашиглалтын хоорондын уялдаа холбоог харуулж байна” гэж Оксфордын их сургуулийн дэлхий дахины түүхийн профессор Питер Франкопан магтжээ.

Судлаачдын ажлыг “Tөв Азийн дундад зууны үеийн хотжилтын түүхийг судлахад асар их хувь нэмэр оруулсан” гэж Nature сэтгүүлийн редакц дүгнэсэн байна,

 

Эх сурвалж: BBC