Уншиж байна ...

Израилийн арми Ираны цэргийн байгууламжуудад агаараас довтолж, “хязгаарлагдмал хэмжээний хохирол” учруулжээ

Т.Давааням, ikon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Бямба гарагийн шөнө Израилийн арми Иран улсын нутагт орших цэрэг, зэвсгийн байгууламжуудад агаараас довтолжээ.

Гэхдээ газрын тос, цөмийн байгууламжуудыг нь хөндөөгүй байна.

Тегераны эрх баригчид уг довтолгооны улмаас “хязгаарлагдмал хэмжээний хохирол” учирсныг мэдэгдээд ямар нэг хариу арга хэмжээ авах талаар ам нээгээгүй юм.

Үүр цайхаас өмнө сөнөөгч нисэх онгоцнуудын гурван ээлжийн довтолгоог нийслэл Тегераны ойр орчим болон баруун Ираны нутагт орших пуужингийн үйлдвэрүүд зэрэг байгууламжуудад явуулснаа Израилийн арми мэдээлжээ.

Мөн үүний хариуд ямар нэг арга хэмжээ авахгүй байхыг Ираны эрх баригчдад хатуу анхааруулсан байна.

Ерөнхийдөө бүс нутгийн хоёр хүчирхэг улс дараалсан “өшөө авалт”-ын цувралаа зогсоох хүсэлтэй байгаагаа ийнхүү илэрхийлсэн бололтой.

Өчигдрийн довтолгоо нь аравдугаар сарын 1-ний өдөр Иран улс Израилийн нутаг дэвсгэрт бараг 200 орчим баллистик пуужингаар довтолсны хариу арга хэмжээ байсан юм.

Энэ нь Ливан дахь Ираны холбоотон Хезболла зэвсэгт байгууллагын удирдагчийн амь насанд халдсан үйлдлийн “өшөө авалт” байв.

Тегераны эрх баригчид өчигдрийн довтолгооны улмаас хоёр цэргийн алба хаагч алагдаж, зарим газарт бага хэмжээний хохирол учирсныг мэдээлжээ.

Ираны зарим хэт үзэлтнүүд Израилийн авсан арга хэмжээг “сул дорой” хэмээн элэглэн шоолж, хариу довтлохыг эрх баригчдадаа уриалж байна.

АНУ болон дэлхийн бусад улс орнууд дараалсан “өшөө авалт”-ын цувралаа зогсоохыг талуудад уриалж байлаа.

Вашингтоны албаны эх сурвалж өчигдрийн цохилтыг “цувралын төгсгөл болно” гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.

Ираны гадаад хэргийн яам “Иран улс өөрийгөө хамгаалах эрхтэй” гэж анхааруулсан ч “Бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлын төлөөх үүрэг хариуцлагаа хүлээн зөвшөөрч байгаа”-гаа  мэдэгдсэн нь өмнөх мэдэгдлүүдээсээ илүү зөөлөн аядуу агуулгатай болсон байна.

Тель Авивын Үндэсний Аюулгүй Байдлын Судалгааны Хүрээлэнгийн мэргэжилтэн Бени Сабти өчигдрийн Израилийн армийн довтолгоо нь сөргөлдөөнийг гүнзгийрүүлэхээс зайлсхийх боломжийг Тегераны эрх баригчдад олгох зорилготой байсан гэж дүгнэжээ.

“Израил улс энэхүү цувралыг зогсоох хүсэл сонирхолтой байгаагаа Ираны талд илэрхийлсэн гэж би үзэж байна” гэж тэр тайлбарласан юм.

Израил улс довтолгооныхоо талаар Жо Байдены засаг захиргаанд урьдчилан мэдэгдсэн ч АНУ үүнд огт оролцоогүйг Вашингтоны албаны хүн баталжээ.

Ерөнхийлөгч Жо Байден олон хоногийн өмнөөс Тегераны цөмийн байгууламжуудад биш, харин газрын тосны байгууламжуудад довтлохыг өөрийн холбоотон Израилд уриалж байсан юм.

Израил, Ираны дунд оршдог Арабын улсууд агаарын орон зайг нь ийм зорилгоор ашиглахаас болгоомжилж байгааг бас илэрхийлж байлаа.

Өчигдрийн довтолгооны дараа Йордан улсын эрх баригчид Израилд агаарын орон зайгаа ашиглуулах зөвшөөрөл өгөөгүйг мэдэгджээ.

Саудын Арабын эрх баригчид бас агаарын орон зайгаа ашиглуулаагүйг мэдээлсэн байна.

Бүс нутагтаа Ирантай олон жил өрсөлдсөн, сүүлийн жилүүдэд Израильтай харилцаагаа сайжруулж эхлээд буй Саудын Араб улс өчигдрийн довтолгоог Иран улсын газар нутгийн бүрэн бүтэн байдалд халдаж, олон улсын дүрэм журмыг зөрчсөн үйлдэл гэж буруутгажээ.

 

Эх сурвалж: Reuters