Уншиж байна ...

Эрэн сурвалжлагдаж байсан Италийн мафийн гишүүн Эскобарын булшны дэргэд зургаа авхуулсны дараа баригджээ

Т.Давааням, ikon.mn
32 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Колумбын гэмт хэрэгтнүүдийн кокаиныг Европын зах зээлд нэвтрүүлэхэд зуучилдаг байсан Италийн мафийн гишүүн Өмнөд Америк даяар бараг дөрвөн жил эрэн сурвалжлагдсаны эцэст баригдсан тухай албаныхан өчигдөр мэдээлжээ.

Луижи Белведер гэгч энэ этгээд Италийн цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж буй хамгийн аюултай оргодлуудын нэг байсан бөгөөд Колумбын картелын цуутай босс Пабло Эскобар агсны булшин дээр очсоныхоо дараа баригдсан байна.

Италийн цагдаагийн газар түүнийг баривчилснаа зарлахдаа Эскобарын булшны дэргэд явган суусан Белведерийн гэрэл зургийг үзүүлжээ.

Одоо 32 орчим настай гэгддэг тэрбээр Наполи хотоос хойд зүгт оршдог Касерта хотын уугуул юм байна.

Италид байхдаа тэр хүчирхэг Каморра мафитай холбоотой Касалеси гэмт хэргийн бүлэгт харьяалагддаг байжээ.

Оргохоосоо өмнө 2020 оны арванхоёрдугаар сард Белведер хар тамхины олон улсын наймаа эрхэлсэн хэргээр шүүхээс 19 жилийн хорих ял сонсож байсан байна.

Европол байгууллага Колумбын хууль хүчнийхэнтэй хамтран ажиллаж, Белведерийг Меделлин хот хүртэл мөрджээ.

зураг
 

Меделлин бол Пабло Эскобарын төрөлх хот, түүний картел үйл ажиллагаагаа явуулдаг байсан газар юм.

1970-аад оны үед байгуулагдсан уг картел оргил үедээ дэлхийн кокаины зах зээлийн 80 хувийг атгаж байсан гэдэг.

Форбс сэтгүүлийн тэрбумтнуудын жагсаалтад долоон жил дараалан шалгараад байсан Эскобар 1993 онд Меделлин хотод цагдаагийн хүчний явуулсан ажиллагааны үеэр буудуулж алагдсан юм.

 

Эх сурвалж: BBC