Уншиж байна ...

Н.Алтанхуяг: 14 мега төслийг хэрэгжүүлнэ гэвэл Монгол Улс асар их өрөнд орж дуусна

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 10 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар 2025 оны төсвийг хэлэлцэж байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Энэ оны төсөв маш замбараагүй, бодлого байхгүй. Би төсвийн ажлын хэсэгт орсон учраас судалж байна. МАН, АН, ХҮН гурав төсвийн зарлагыг өсгөхгүй гэсэн. 

Төсвийн зарлагыг дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулбал 37 хувьтай байна. Энэ нь сүүлийн хэдэн жил өсөж болж байгаа. Ингэснээр бизнес аж ахуйд төр их оролцож байгаа гэсэн үг. Үүнийг МАН мөрийн хөтөлбөртөө 25 хувь хүртэл болгож бууруулсан гэсэн боловч 40 хувь хүрэх гэж байна. Энэ бол коммунист нийгэм байгуулж байгаа юм" гэлээ. 

Үргэлжлүүлэн Засгийн газрын хэрэгжүүлэх 14 мега төслийн талаар тэрбээр "Ажил хийхдээ эхлээд мөрөөдлийн жагсаалтаа бичиж болно. Хоёрдугаарт боломж нөхцөлөө судална. Гуравдугаарт аль ажлыг нэгдүгээрт хийх вэ гэдгээ эрэмбэлэх ёстой. 

35,000 км-ын өндөрт Монгол Улсад ногдсон орон зай бий. Түүнд өөрийнхөө хиймэл дагуулыг гаргачихвал Монгол Улсыг нэгдэн бүрхэж, холбоо мэдээллийн ажил хийх боломжтой. Гадаадаас өндөр зээл авч үүнийг хийнэ гэж байна. Манай Засгийн газрын үед гадаадаас өндөр зээл авах учраас зогсоосон. 

Дараа нь гадаадаас зээл авахгүйгээр хэрхэн хийх талаар судлахад сансарт буй орон зайг бусад сонирхогч компанид ашиглуулбал зардал хямдарна гэж дүгнэсэн.

Геополитик гэж юу байх вэ. Эхлээд ард түмний амьжиргаанд нэмэр болох зүйл хийх хэрэгтэй. Монгол хоёр талдаа хоёр том гүрэнтэй. Манай хувийн хэвшлийн компаниуд айлын хөөргөсөн хиймэл дагуулыг ашиглаад хэрэгцээгээ хангаж байна. Үүнийг шахаж гаргаад гадаадаас зээл авч хийнэ гэдгийг дэмжихгүй. Энэ 14 мега төслийг хэрэгжүүлнэ гэвэл Монгол Улс асар их өрөнд орж дуусна.

Ер нь хийхдээ дараа нь үр ашиг өгөх, анхнаасаа мөнгийг бага гаргах төсөл дээр ач холбогдол өгөх ёстой. Жишээлбэл аймгийн төвүүдийг хооронд нь авто замаар холбох ёстой. Дараа нь аймгийн төвүүдийг хилийн боомттой холбоно. Ингэвэл манай дэд бүтэц хөгжинө. Мухар сум руу хатуу хучилттай зам тавина гэх тэнэг үйлдэл байж болохгүй" хэмээн ярилаа. 

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/474457948949918