Уншиж байна ...

"Даатгалын сан хоосорсон тул ойрын хугацаанд эмч нарын цалинг өгөх мөнгөгүй болсон. Энэ асуудлыг яаралтай шийдэхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ"

Э.Тэмүүлэн, iKon.mn
1 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо (МҮЭХ) өнөөдөр эрчим хүчний үнэ нэмэхийг эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн. Үүний дараа салбарын төлөөллүүд санал бодлоо илэрхийлсэн юм.

Тухайлбал боловсролын салбарын төсвийг нэмэх шаардлагатай байгааг мэдэгдсэн бол орон нутгаас ирсэн гишүүд нь Засгийн газрыг мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийг шаардсан. 

Түүнчлэн Эрүүл Мэндийн ажилчдын Үйлдвэрчний эвлэлийн дарга Ц.Нарантуяа "Гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцооны гажуудлыг засъя, хөдөлмөрийн үнэлэмж, амьдралын баталгаа гэсэн сэдвээр энэ сарын 3-нд жагсаал, цуглаан хийсэн.

Энэ үеэр Улсын Их Хурал (УИХ), Засгийн газар, Төсвийн байнгын хороо, Сангийн Яам гэх мэт байгууллагад шаардлага хүргүүлсэн. Шаардлагын хариуг Засгийн газраас өгөөгүй. Төсвийн байнгын хороо албан бичгээр хариу өгсөн.

Жагсаалаас өмнө УИХ-ын 126 гишүүнд эрүүл мэндийн санхүүжилттэй холбоотой асуудлаар дэмжлэг үзүүлээч гэсэн санал тавихад 10 хүрэхгүй хүн зөвшөөрсөн.

Гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоо бол гажуудаад удаж байна. Өнөөдрийн байдлаар гүйцэтгэлийн санхүүжилт авч буй 10 гаруй эмнэлэг бий. Бусад нь Төлөөлөн Удирдах Зөвлөл (ТУЗ)-гүй учраас санхүүжилт авдаггүй. Энэ тогтолцоо гажуудсаныг бид удахгүй мэдэрч эхэлнэ. Даатгалын сан хоосорсон тул ойрын хугацаанд эмч нарын цалинг өгч чадахгүйд хүрнэ.

Тиймээс жагсаалаар Засгийн газраас тодорхой арга хэмжээ авч, нэгдсэн бодлого хэрэгжүүлэх шаардлага тавьсан.

Жагсаалаар бид зургаан шаардлага тавьснаас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэхээр болсон. Бусад шаардлагын тухайд Эрүүл Мэндийн Даатгалын Санг яаралтай мөнгөтэй болгох хэрэгтэй. Энэ мөнгийг банканд байршуулаад хоосруулсан. Тиймээс тодорхой хүмүүст хариуцлага хүлээлгэн мөнгөө буцааж авах, төрөөс эрүүл мэндийн даатгалын санг хариуцдаг даатгуулагчдын мөнгийг нэг хувиар нэмэх шаардлагатай. 

Ингэвэл эрүүл мэндийн байгууллага чинь доголдолгүй ажлаа явуулж, эмч нар цалингаа цагтаа авдаг болно. Эмч нар ээлжийнхээ амралтын мөнгийг аваад амрах ёстой. Гэвч мөнгөгүй гэдэг шалтгаанаар амралтынхаа мөнгийг авч чадахгүй байна.

Мөн эмч нар иж бүрэн нормын хувцсаар хангагдах ёстой. Гэтэл цалингаа ч тавьж чадахгүй байгаа эмнэлэг одоогоор зөвхөн халаадны мөнгийг л өгдөг. Цаанаас өгч буй мөнгө нь хүрэлцдэггүй учраас эмч нар цалингаасаа нэмэрлэж байж авдаг. Ажлын гутал гэхэд улсын төсөвт ордоггүй учраас өөрсдөө авч байна. Бид тавьсан шаардлагаа хэрэгжүүлэхийн тулд тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ" гэж ярилаа.