Уншиж байна ...

Дорнод Хятадын Тэнгисийн ёроолд өндөр хурдны төмөр замын хонгил ухах ажил эхэлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2 цаг 3 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Хятад улс энэ долоо хоногт дэлхийн хамгийн урт далай доорх өндөр хурдны төмөр замын шугам байгуулах ажлыг эхлүүлжээ.

Жиньтан хонгил гэж нэрлэж байгаа энэ бүтээн байгуулалт Шанхайгаас өмнө зүгт оршдог, Хятадын зүүн эргийн Нинбо хотыг Зоушань аралтай холбох юм.

Дорнод Хятадын Тэнгисийн ёроолд хонгил ухах ажил Мягмар гарагт эхэлж, өдөрт дунджаар 16 метрийн хурдтай үргэлжилж буйг тус улсын төрийн төв хэвлэл өчигдөр мэдээлжээ.

Хонгил 16.18 км үргэлжлэх бөгөөд ухах ажил 2026 оны сүүлээр дуусах юм байна. Улмаар төмөр зам нь 2028 онд ашиглалтад орох ажээ.

Нинбо хот болон Зоушань арал одоо гүүр болон усан тээврээр холбогддог.

Эдгээрийг холбосон төмөр замаар зорчих галт тэрэгний хурд 250 км/цаг хүрдэг байх гэнэ.

Одоо хот болон арлын хооронд автомашинаар 1.5 цаг зорчдог бол өндөр хурдны галт тэргээр ердөө 26 минут зорчих ажээ.

Шинэ хонгил нь Зоушань арлыг Хятадын өндөр хурдны төмөр замын сүлжээнд холбох тул Ханжоу хотоос тус аралд хүрэхэд зарцуулдаг байсан 3.5 цагийн хугацаа 77 минут болж багасах юм байна.

Хятад улсын өндөр хурдны төмөр замын сүлжээ одоогоор дэлхийн хамгийн томд тооцогддог.

Нийт 46,000 км гаруй урт үргэлжилдэг энэ сүлжээ дэлхийн нийт өндөр хурдны төмөр замын сүлжээний 70 гаруй хувийг бүрдүүлдэг байна.

Жиньтан хонгилын хуурай газрын хоёр үзүүрээс ухах ажил энэ оны тавдугаар сард эхэлжээ.

Харин сая далайн ёроолын хэсэг нь эхэлж байгаа юм байна.

Шинэ хонгил ашиглалтад орсноор Нинбо хот, Зоушань арлыг Хөх Мөрний Эдийн Засгийн Бүсэд нэгтгэх ажил хурдсах ач холбогдолтойг CCTV онцолжээ.

Хөх Мөрний Эдийн Засгийн Бүс нь 11 мужийг холбож, Хятадын хуурай газрын 21 хувийг хамардаг юм.

Энэ бүсэд хүн амын тал хувь нь амьдарч, эдийн засгийн гарцын тал хувь нь үйлдвэрлэгддэг тул Хятадын хамгийн том эдийн засгийн бүсэд тооцогддог байна.

Хөх мөрний сав газар, Дорнод Хятадын Тэнгисийн уулзвар дээр оршдог Зоушань арал нь олон улсын далайн ачаа тээврийн чухал боомт юм.

 

Эх сурвалж: South China Morning Post