Уншиж байна ...

Канад улс шинээр хүлээж авах цагаачдын тоог ирэх онуудад 21 хувиар бууруулахаар болов

С.Мөнхцэцэг, ikon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Канадын засгийн газар хүлээж авах цагаачдын тоог бууруулах шийдвэр гаргаснаа өчигдөр зарлажээ. Энэ нь тус улсын засгийн эрхийг барьж буй Либерал хүчний хувьд олон жил баримталж ирсэн бодлогоосоо ухарсан шийдвэр болж байна.

2025-2027 оны хооронд Канад улс нийтдээ 1.1 сая байнгын оршин суугч гадаадаас хүлээж авахаар болсон нь өмнөх жилүүдээс 21 хувиар буурсан үзүүлэлт болжээ.

Түр хугацаагаар оршин суух гадаадын иргэдийн тоог бас 2025 онд 30,000-аар бууруулж, 300,000-д хүргэх төлөвлөгөөг цагаачлалын сайд Марк Миллер зарласан байна.

Уг төлөвлөгөө нь “богино хугацаандаа хүн амын өсөлтийг зогсоох ч урт хугацаандаа тогтвортой, зохион байгуулалт сайтай өсгөх боломж нээх” ач холбогдолтойг тэр тайлбарлажээ.

Өнгөрсөн онд Канадын эрх баригчид 2025 онд 500,000, 2026 онд дахин 500,000 байнгын оршин суугч авах төлөвлөгөөг зарлаж байсан юм.

2024 оны хоёрдугаар улирлын байдлаар тус улсад 2.8 сая гадаадын иргэн түр хугацаагаар оршин сууж байсны ихэнх нь ажилчид, оюутнууд байжээ.

Ер нь цар тахлын он жилүүдэд тус улс ажиллах хүчний хомсдолоо нөхөх зорилгоор их хэмжээний цагаачдыг гадаадаас хүлээн авч байсан юм.

“Өнөөдрийн шийдвэр бол манай улсын цагаачлалын хувьсан өөрчлөгдөж буй хэрэгцээг хангахад чиглэсэн бидний ерөнхий төлөвлөгөөний нэг хэсэг юм. Манай эдийн засагт шинээр ирэх хүмүүс хэрэгтэй байгаа ч бас манай улсад тулгарч байгаа хүндрэл бэрхшээлийг бид харж байна. Тиймээс бид бодлогоо үүнд тохируулан өөрчлөх ёстой” гэж Миллер тайлбарлажээ.

Бодлогын өөрчлөлтийн талаар ерөнхий сайд Жастин Трюдо тайлбарлахдаа “Бид тэнцвэртэй байдлыг хангаж чадаагүй” гэж хэлсэн юм.

Шинэ төлөвлөгөө ёсоор Канад улс 2025 онд 395,000, 2026 онд 380,000, 2027 онд 365,000 цагаач хүлээж авахаар болж байна. Гэтэл зөвхөн 2024 онд 485,000 цагаач хүлээн авч байжээ.

Энэхүү эрс өөрчлөлт нь Канадын эрх баригч Либерал намын нэр хүнд унаж, ерөнхий сайд Трюдо албан тушаалаасаа огцрох дарамт шахалттай тулгарсантай холбоотой бололтой.

Одоо Трюдо зарим бодлогоо эргэн харж, сөрөг хүчний Консерватив намын дэмжлэгийг авахыг хичээж байна.

Олон жил гадаадын цагаачдад нээлттэй байсан Канад улсад сүүлийн жилүүдэд орон сууцны үнэ ханш өсөж, үүнтэй холбоотой нийгмийн бухимдал нэмэгдээд байгаа.

Ирэх оны аравдугаар сард болох парламентын сонгуулийн өмнө Канадын улс төрийн амьдралд цагаачлалын асуудал хамгийн чухал сэдэв болоод байна.

Сүүлийн үеийн судалгаанд оролцогчдын дунд Канад улс хэтэрхий их цагаачтай болсон гэж үзэх хүмүүсийн тоо хэмжээ нэмэгдсээр байна.

Гадаадын иргэдийн эсрэг гэмт хэрэг нэмэгдэх болсон нь үүнийг бас харуулж байгаа юм.

 

Эх сурвалж: Aljazeera