Уншиж байна ...

Умард Солонгосын цэргүүд ОХУ-ын Курск мужийн нутагт үзэгдсэн тухай Украины тагнуулын алба мэдээллээ

Т.Давааням, ikon.mn
48 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Умард Солонгосын хэсэг цэргийн алба хаагч ОХУ-ын Курск мужийн нутагт үзэгдсэн тухай Украины цэргийн тагнуулын алба өчигдөр мэдээлжээ.

Курск мужийн газар нутгийн зарим хэсэг наймдугаар сараас хойш Украины армийн хяналтад байгаа юм.

Умард Солонгосын цэргүүд Лхагва гарагт Курск мужийн нутагт харагдсан талаар Украины цэргийн тагнуулын алба Телеграм хуудсаараа мэдээлжээ.

Нийтдээ 12,000 цэрэг Оросын Алс Дорнодод бэлтгэлээ хангаж байгааг дээрх мэдэгдэлд бас дурдсан байна.

Умард Солонгосын цэргүүд Оросын нутаг дэвсгэрт байгааг Украинаас гадна Өмнөд Солонгос, АНУ-ын эрх баригчид батлаад байгаа.

Энэ асуудал Украины холбоотнуудын дунд түгшүүрийн харанга дэлдээд байна.

Литва улсын гадаад хэргийн сайд Габриэлиус Ландсбергис өчигдөр CNN сувагт ярихдаа “Энэ нь бүс нутгийн асуудал, Европын асуудал байхаа болиод хүн бүрд хамаатай дэлхийн мөргөлдөөн болоод байна” гэж үүссэн нөхцөл байдлыг дүгнэжээ.

Москвагийн эрх баригчид Умард Солонгосын цэргүүд нутаг дэвсгэрт нь ирснийг эрс няцааж байгаа.

Харин өчигдөр Казань хотод сэтгүүлчидтэй уулзахдаа ОХУ-ын ерөнхийлөгч Путин үүнийг шууд няцаагаагүй байна.

“Умард Солонгосын удирдагчид бидний байгуулсан тохиролцоонд нухацтай хандаж байгаа гэдэгт бид огт эргэлзэхгүй байна. Гэхдээ юуг яаж хийх нь бидний асуудал юм” гэж тэр мэдэгджээ.

Хоёр улс энэ оны зургаадугаар сард батлан хамгаалах салбарт харилцан туслалцах гэрээг Пёнян хотод байгуулсан юм.

Украины дайны эхнээс Умард Солонгосын дэглэм Оросын хамгийн үнэнч холбоотон болоод байгаа.

Өмнө нь тус улс холбоотондоо Украины дайнд ашиглах зэр зэвсгээр тусалсан нь нэгэнт тодорхой болсон юм. Үүнийхээ хариуд хүнсний бараа бүтээгдэхүүн, цэргийн технологи авсан байх өндөр магадлалтай байна.

 

Эх сурвалж: CNN