Уншиж байна ...

Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих төслийг үргэлжлүүлнэ

Б.Манлай
2024 оны 10 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Агаарын бохирдлын асуудал хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө ихтэй учраас Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний шинэ загварт шилжих хэрэгцээ байгаа билээ.

Улаанбаатар хот болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийг 2016 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр байгуулсан. Энэ хүрээнд “Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг нэмэгдүүлэх” төслийг хэрэгжүүлж буй. Уг төслийг цаашид үргэлжлүүлэх юм байна.

Тус төсөл хоёр үе шаттайгаар хэрэгжсэнээр Улаанбаатар хотын гэр хорооллын нэн шаардлагатай байгаа 50 өрхөд цахилгаан халаагуур, халаалтын зориулалттай нарны зайн хавтан худалдан авах, суурилуулах ажилд дэмжлэг үзүүлэх юм.

НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовска уг төслийг цаашид амжилттай хэрэгжүүлэхийн тулд хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд бүхий л талаар дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллахдаа таатай байх болно гэжээ.

Нийслэлийн зүгээс НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Азийн сан, “URECA” ХХК, “Гэр өргөө” ТББ-тай хамтран Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдийг сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнд шилжүүлэх туршилтын төсөл хэрэгжүүлж байгаа тухай “URECA” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Орчлон "Тухайн айлуудын зуухны хэрэглээг халж, нарны панел, батарей хураагуур ашигласан системд үндэслэн цахилгаан халаагуур нэвтрүүлсэн. Системд ухаалаг мэдрэгчүүдийг суурилуулсан бөгөөд үүний тусламжтай тухайн айл эрчим хүчээ хаанаас авч буйг, зуух хэрэглэж байгаа эсэхийг мэдэж, хүлэмжийн хийн ялгарал буурч буй хэмжээг тооцоолох боломжтой. Үүнийгээ карбон кредитээр баталгаажуулж, арилжаалж болно.

Тухайлбал туршилтын төсөлд хамрагдсан нэг айл долоон сарын хугацаанд хүлэмжийн хийн ялгарлаа 5-10 тонноор бууруулж, үүнийг бид кредит болгон платформ дээрээ борлуулсан.

Ирэх онд төслөө хэрэгжүүлэхдээ цахилгаан хураагуур нь тоггүй болсон ч зургаан цагийн хугацаанд дулаанаа барьдаг байх технологи нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Оргил ачааллын үед эрчим хүчний системд нэмэлт ачаалал учруулахгүй байх үүднээс нарны панел, батарей хураагуурыг ашиглаж байгаа юм" гэж мэдээлж байв.