Уншиж байна ...

Монгол улс Путинийг баривчлах үүргээ биелүүлээгүйг Олон Улсын Эрүүгийн Шүүх хяналтын байгууллагадаа мэдээлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
45 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол улс ОХУ-ын ерөнхийлөгч Путинийг баривчлах үүргээ биелүүлээгүй талаар Олон Улсын Эрүүгийн Шүүхийн (ОУЭШ) шүүгчдийн зөвлөл өөрийн хяналтын байгууллагад өчигдөр илгээсэн тайландаа мэдээлжээ.

Украины хүүхдүүдийг хулгайлж, хил давуулсан хэрэгт Путинийг буруутгаж, баривчлах шийдвэрийг ОУЭШ өнгөрсөн онд гаргаж байв.

Уг шийдвэрийн дагуу тус шүүхийн гишүүн орнууд ОХУ-ын ерөнхийлөгчийг нутаг дэвсгэрт нь ирсэн тохиолдолд баривчлах үүрэг хүлээдэг юм.

Гэтэл өнгөрсөн сард Улаанбаатарт айлчлан ирсэн Путинийг Монголын тал баривчлахаас татгалзаж байв.

Путиний хувьд өөрийг нь баривчлах шийдвэр гарснаас хойш ОУЭШ-ийн гишүүн оронд айлчилсан анхны тохиолдол байсан.

“Гишүүн орнууд болон ОУЭШ-ийн харьяаллыг хүлээн зөвшөөрсөн талууд баривчлах шийдвэр гарсан хувь хүнийг албан тушаал, иргэний харьяалал харгалзалгүй баривчлах, шилжүүлэн өгөх үүрэгтэй байдаг” гэж шүүгчдийн зөвлөл тайландаа бичжээ.

Цааш нь “Монгол улс шүүхтэй хамтран ажиллаагүй ноцтой тохиолдлыг харгалзан үзээд зөвлөл энэ асуудлыг Оролцогч Орнуудын Ассамблейд (The Assembly of States Parties) танилцуулах шаардлагатай гэж үзлээ” гэж бичсэн байна.

Нэр дурдсан байгууллага нь ОУЭШ-ийн хяналтын дээд байгууллага юм.

Ромын гэрээнд нэгдсэн дэлхийн 124 улсаас бүрддэг Оролцогч Орнуудын Ассамблей “зохих арга хэмжээг авах боломжтой” гэдгийг тайланд бас дурджээ.

Ассамблей арванхоёрдугаар сард Нидерландын Хаага хотод чуулах юм байна. Энэ үеэр гишүүний үүргээ биелүүлээгүй Монгол улсад ямар арга хэмжээ авахыг хэлэлцэж, шийдэх бололтой.

 

Эх сурвалж: Associated Press