Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/12-НД НИЙТЛЭГДСЭН

И.Сансартуяа: Хэл, сэтгэхүй хоёр салшгүй холбоотой

ikon.mn
2025 оны 6 сарын 12
Сурталчилгаа
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ерөнхий боловсролын “Сант” сургуулийн монгол хэл, бичиг, уран зохиолын багш И.Сансартуяатай ярилцлаа. Тэрбээр мэргэжлээрээ 17 жилийн турш ажиллаж байгаа бөгөөд бид түүнтэй орчин үеийн сурагчдын эх хэлний боловсрол, хандлага, ирээдүйн талаар товч ярилцсан юм.

- Та яагаад монгол хэлний багш болохоор шийдсэн бэ? Энэ мэргэжлийн сайхан нь юунд байдаг вэ?

- Би багш болно гэж төсөөлж байгаагүй. 10-р ангидаа улсын олимпиадад медаль хүртээд Монгол Улсын Их Сургуульд урилгаар сурснаар багш болсон. Монгол хэлний багш байхын хамгийн сайхан нь хичээл дээрээ бүх төрлийн эхтэй ажиллаж, үргэлж өргөн хүрээний мэдлэг мэдээллийг боловсруулж байдаг. Мөн уран зохиолын хичээл заахдаа хүүхдийн дотоод ертөнцөд нэвтэрч, зохиолоор дамжуулан амьдралд бэлтгэнэ гэдэг их гоё. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

- Сүүлийн 17 жилийн турш тасралтгүй энэ салбарт ажиллаж байгаагийн хувьд анзаарч буй зүйлс юу вэ. Ялангуяа сурагчдын эх хэлний түвшинд гарч буй өөрчлөлтийн тухайд?

- Би саяхан бичиг цаасаа цэгцэлсэн юм. Нэлээн олон жилийн өмнөх шалгалтын сэдвүүдээ харахад сурагчид тухайн үед маш их хэмжээний агуулгыг бага хугацаанд хийдэг байжээ. Энэ их зүйлийг хийж амждаг байсан юм байх даа гэж бодож билээ. Тухайн үед онолын мэдлэг түлхүү үздэг байсан бол одоогийн хүүхдүүдэд онолоос гадна хэрэглээ их чухал болсон санагдаж байгаа. Хэрэглээндээ суурилаад хичээлээ судлахаар сэтгэлгээ нь их задарч байна. Одоогийн хүүхдүүдийн давуу тал нь юмыг олон талаас нь харж, чөлөөтэй сэтгэснээр шинэ санаа гаргахын зэрэгцээ түүн дээрээ суурилаад эсээ бичих чадвар нь илүү нэмэгдсэнийг олж харсан.

 “МОНГОЛ ХЭЛЭЭ САЙН СУРСАН ХҮҮХДЭД ХОЁР ЧУХАЛ ДАВУУ ТАЛ БИЙ”

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

- Монгол хэлээ хойш тавих хандлага байгаа юм байна. Монгол хэлээ сайн эзэмшсэн хүүхдэд ямар давуу тал бий болдог вэ?

- Олон жилийн ажиглалтаар монгол хэлээ сайн сурсан хүүхдэд хоёр чухал давуу тал бий болдог. Нэгдүгээрт, гадаад хэлийг цэгцтэй сайн сурч чаддаг. Монгол хэлний дүрэмд байгаа зүйл гадаад хэл дээр ч байгаа тул эхлээд эх хэлээ зүй тогтолтой, сайн ойлгосон хүүхэд ямар ч гадаад хэлийг сурах боломжтой юм байна гэдгийг сурагчид маань ч хэлдэг. Хоёрдугаарт, бусад хичээлээ ойлгоход давуу тал болдог. Өөрөөр хэлбэл хүүхдийн сурлага сайн байхад эх хэл суурь нь болно. 

“САНТ СУРГУУЛЬ СУРАГЧДЫН МОНГОЛ ХЭЛНИЙ БОЛОВСРОЛД БАГААС НЬ ӨНДӨР АЧ ХОЛБОГДОЛ ӨГДӨГ”

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

- Сант сургуулийн сурагчдыг математик, физик зэрэг байгалийн ухааны хичээлүүддээ их сайн, олон улсын олимпиадын маш олон амжилт гаргаж байсныг хүмүүс мэдэх байх. Тэгвэл сурагчдын монгол хэлний боловсролд нь яаж анхаардаг вэ?

- Хэл, сэтгэхүй хоёр салшгүй холбоотой. Эх хэлээ сайн сурсан хүүхэд маш цэгцтэй сэтгэдэг. Сэтгэж чадаж байгаа тул эх хэлээрээ сайн ярьж, бусдад өөрийгөө ойлгуулдаг. Математикийн хичээлээ сайн ойлгох нь монгол хэлтэй салшгүй холбоотой. Хэрэв хүүхэд бодлогоо сайн ойлгож уншихгүй бол тоогоо бодож чадахгүй. Анги өгсөх тусам хичээлүүд хүндэрч, өгүүлбэртэй бодлогууд нэмэгддэг.

Манай сургууль математикаараа олонд танигдсан ч нэгдүгээр ангиасаа эхлээд бүх хичээлээ жигдхэн авч явдгийг онцлон дурдмаар байна. Тийм ч учраас ахлах анги руу орох тусам монгол хэлний хичээлийн цагийг нэмж өгдөг. Ахлах ангид нь монгол хэл, уран зохиолын цагийг нэмэх нь сурагчдыг ном уншихад хөтөлж байдаг. Сант сургуулийн математик, физик, химийн хичээлдээ сайн, олимпиадад бэлдэж, тэр чиглэлдээ илүү гүнзгийрсэн хүүхдүүд ч монгол хэлэндээ адилхан сайн байдаг. Өнгөрсөн хугацаанд манай сургуулиас монгол хэлний хичээлээр дүүрэг, улсын олимпиадын медальтнууд олон төрж гарсан гэдгийг энд бахархан дурдмаар байна.

- Таны хэлсэнчлэн хүүхдүүд маш их цагийг цахим орчноос мэдээлэл авахад зарцуулж буй. Хүүхдийнхээ монгол хэлийг сайжруулъя гэж бодож байгаа эцэг эхчүүд байвал зөвхөн сургуульд даатгахгүйгээр юу хийж болох вэ?

- Хүүхдэдээ маш сайн цаг зарцуулах хэрэгтэй. Ном л аваад өгчихвөл болно гэж бодоод байдаг. Эсвэл багшаас шууд ямар ном авахыг асуудаг. Гэхдээ хүүхэд сонирхохгүй бол номын худалдаанаас тор тороор нь ном аваад нэмэргүй. Та хүүхэдтэйгээ номын дэлгүүр ороод үзээрэй. Хүүхдийнхээ сонголтыг ажигла. Тэр номыг нь гүйлгээд хар. Хүүхдээ хамгийн сайн мэддэг хүн нь та учраас түүнд таалагдах эсэхийг төвөггүй мэдэж болно. Дараа нь хамтдаа уншиж ярилцаад үзээрэй. Болж өгвөл хүүхдийнхээ санаа бодлыг маш сайн сонсох нь чухал. Номын агуулга, дүрийг бусад кино, зохиол, амьдралтай харьцуулан ярилцвал их хэрэгтэй. Хүүхдэдээ зарцуулсан цаг ирээдүйд хамгийн том хөрөнгө оруулалт болно. Та бүү төвөгшөөгөөрэй. Нэг л өдөр тэр тангүйгээр уншдаг болчихсон, үгийн баялаг, эх хэлний дархлааг өөртөө суулгаад явж байх болно.

- Ярилцсанд баярлалаа.

- Баярлалаа.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.