Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/12-НД НИЙТЛЭГДСЭН

Ойрын 20 жилийн дотор Украин улсын эдийн засаг Оросынхыг гүйцэж түрүүлэх магадлалтайг АНУ-ын сангийн сайд хэлэв

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 6 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Саяхан болсон Конгрессын сонсголын үеэр АНУ-ын сангийн сайд Скотт Бессент ойрын 20 жилийн дотор Украины эдийн засаг Оросынхыг гүйцэж түрүүлэх магадлалтайг хэлжээ.

Тэрбээр орчин үеийн дэлхий ертөнцөд эдийн засгийн аюулгүй байдал нь аливаа улсын үндэсний аюулгүй байдлын чухал хэсэг болж байгааг онцолсон байна.

Тийм ч учраас “Украины эдийн засгийн тогтвортой хөгжил цэцэглэлт урт хугацаандаа тус улсын аюулгүй байдлын гол баталгаа болно” гэдэгт ерөнхийлөгч Трамп болон өөрөө итгэлтэй байдгийг Бессент энэ үеэр мэдэгджээ.

“Хорин жилийн дотор засаглалаа сайжруулж, АНУ-тай стратегийн түнш болж, олон улсын хөрөнгө оруулалт татаж чадсанаар Украин улсын эдийн засаг Оросынхоос том болно гэдэгт би итгэлтэй байна. Миний бодлоор энэ нь Оросыг ирээдүйд удирдах хүмүүст ноцтой саад тотгор болох байх” гэж тэр хэлсэн юм.

Берлиний хана нурсны дараа Польш, Украин улсуудын эдийн засаг ойролцоо түвшинд байсан ч өнөөдөр Польшийн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ Украиныхаас гурав дахин их байгааг Бессент энэ үеэр дурджээ.

Сайд бас ойрын үед Украины сэргээн босголтод зориулсан олон улсын томоохон хурал Ром хотод болох гэж байгааг хууль тогтоогчдод мэдээлээд үүнд идэвхтэй оролцохыг АНУ-ын засаг захиргааны зүгээс Дэлхийн Банканд уриалж буйг дуулгасан байна.

Үүнтэй зэрэгцэн Оросын дайны машиныг зэр зэвсэг, хөрөнгө мөнгө, цэргийн хүчээр шууд болон шууд бусаар дэмжиж байгаа улс орнууд Украины сэргээн босголтод оролцох боломжгүйг Бессент анхааруулжээ.

“Улс орныг нь сүйрүүлж, иргэдийг нь хөнөөсөн бол сэргээн босголтоос хувь хүртэх эрхгүй” гэж тэр хэлсэн юм.

Эх сурвалж: Bloomberg