Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/12-НД НИЙТЛЭГДСЭН

Ажлынхаа эрэгтэйн өмдийг тоглоом наргиа болгон шувталсан эмэгтэйд Өмнөд Солонгосын шүүх торгуулийн шийтгэл оноожээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 6 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Хамт ажилладаг эрэгтэйн өмдийг бусад ажилтнуудын өмнө тоглоом шоглоомоор шувтлахдаа санамсаргүй дотуур өмдийг нь давхар шувталсан эмэгтэйг Өмнөд Солонгосын шүүх бэлгийн хүчирхийллийн хэргээр шийтгэсэн тухай тус улсын хэвлэлүүд мэдээлжээ.

Шүүх 50 гаруй насны энэ эмэгтэйд 2.8 сая воны ($2,100) мөнгөн торгууль оноож, бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх сэдвээр найман цагийн хичээлд суух шийтгэл оноосон байна.

Уг хэрэг өнгөрсөн оны аравдугаар сард тус улсын зүүн хойд бүсийн Ганвон мужийн нэг рестораны гал тогоонд гарч байжээ.

20 гаруй насны хамтрагчаараа тоглоом шоглоом хийх зорилгоор ингэснээ шүүгдэгч эмэгтэй мэдүүлж, шийтгэлийг хөнгөрүүлэх хүсэлт гаргасныг Чунчон дүүргийн шүүх Бямба гарагт хэрэгсэхгүй болгосон юм байна.

Гэхдээ урьд өмнө нь ял шийтгэл сонсож байгаагүй, хийсэн үйлдэлдээ харамссан зэрэг үндэслэлээр шийтгэлийг хөнгөрүүлж байгаагаа шүүх мэдэгджээ.

Тухайлбал шүүгдэгч эмэгтэй хохирогч эрэгтэй болон түүний эцэг эхийн өмнө өвдөг сөхрөн уучлал гуйсныг шүүгч энэ үеэр дурдсан байна.

Англи хэлээр “Pantsing” хэмээн нэрлэгддэг бусдын өмдийг гэнэдүүлэн шувталж, эвгүй байдалд оруулах үйлдлийг нийтээрээ тоглоом наргиа гэж үздэг ч сүүлийн жилүүдэд дээрэлхэлтийн нэг хэлбэрт тооцох болжээ.

Ийм үйлдлийг Өмнөд Солонгосын хошин урлаг, реалити шоунуудад эртнээс хэвийн зүйл мэт үзүүлсээр ирсэн байдаг.

Гэхдээ сүүлийн жилүүдэд үүнтэй холбоотой асуудалд нэр алдартай хүмүүс холбогдож, хуулийн байгууллагууд ноцтой авч үздэг болжээ.

Тухайлбал 2019 онд тус улсын шорт трекийн олимпын аварга Им Хё Жүн бусад эмэгтэй тамирчдын өмнө багийнхаа эрэгтэй тамирчны өмдийг шувтлаад тэмцээнд орох эрхээ нэг жилээр хасуулж байв.

2021 онд Умард Жолла мужийн цагдаагийн газар тоглоомын талбайд бага ангийн хэсэг сурагчид нэг хүүгийн өмдийг шувталсан хэргийг ээжийнх нь гомдлоор шалгаж байжээ.

 

Эх сурвалж: BBC