Нийслэл хотоос “Найрамдал” зуслан чиглэлийн авто замыг анх 1978 онд ашиглалтад оруулсан ч өнгөрсөн оноос шинэчилж эхэлж буй. Он дамжин үргэлжилж байгаа 16 километр замыг шинэчлэхээс гурван километр нь үлджээ.
Энэ тухай хотын дарга Х.Нямбаатар "Найрамдлын авто замын засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд Орбит-Тахилтын уулзвараас Найрамдал зуслан хүртэлх 12 км авто зам болон гэрэлтүүлэг, зуслан доторх дөрвөн км авто замыг шинэчлэхээр төлөвлөсөн.
Зуслан доторх дөрвөн км авто зам, Найрамдал зуслангаас МТ колонк хүртэлх 9 км авто замын суурийг цементээр бэхжүүлж, асфальт бетоноор хучаад байна. Үлдсэн 3 км авто замыг улсын баяр наадмаас өмнө ашиглалтад оруулна.
Олон жил засаж шинэчлээгүй авто замуудыг өнгөрсөн жилээс иж бүрэн засаж эхэлсэн. Энэ жил зам засвар шинэчлэлтийг дэвшилтэт технологиор хийж байна. 1-2 зуны бороонд урсчихгүй, автобусны жин даахгүй хотойж гүдийхгүй полимер битум ашиглаж байгаа" гэв.
Найрамдал зуслан чиглэлийн авто зам нь хоёр эгнээ, явган хүний зам болон ус зайлуулах хоолой, 18 автобусны зогсоолтой байна.
Нийслэлээс гаргасан бондын 22 орчим тэрбум төгрөгөөр тус авто замыг шинэчилж байгаа билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!