Уншиж байна ...

Нэг хөл дээрээ хэр удаан тэнцвэртэй зогсож чадаж байгаа нь хүний эрүүл мэндийн чухал үзүүлэлт гэнэ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Фламинго шувуу шиг нэг хөл дээрээ тэнцвэртэй зогсох чадвар нь хүний эрүүл мэндийн чухал үзүүлэлт болохыг шинэхэн судалгааны үр дүн харуулжээ.

Тухайлбал 50 наснаас хойш хүмүүсийн энэ чадвар аажмаар муудаж, янз бүрийн өвчин эмгэг, бэртэл гэмтлийн гол шалтгаан болдгийг Лхагва гарагт анагаах ухааны PLOS One сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны тайлан харуулсан байна.

“Нэг хөл дээрээ тэнцвэртэй зогсох чадвар нь эрүүл мэндийн ерөнхий тогтолцооны сайн хэмжүүр юм. Учир нь уг тэнцвэр биеийн тогтолцоо хэрхэн хоорондоо сайн уялдаатай ажиллаж байгааг харуулдаг” гэж судалгааг ахалсан АНУ-ын Миннесота мужийн Рочестер дэх Майо Эмнэлгийн доктор Кэнтон Кауфман бичжээ.

“Сайн тэнцвэр нь өдөр тутмын амьдралын ямар ч үйлдэл хөдөлгөөнийг унаж гэмтэхээс айлгүйгээр хийх боломж олгодог тул амьдралын чанарыг сайжруулж, эрүүл өтлөхөд тусалдаг” гэж тэр нэмж дүгнэсэн байна.

Түүний баг мэдрэл, булчингийн ямар нэг эмгэггүй, эрүүл чийрэг 40 хүнийг туршилтдаа хамруулахад давамгай хөл дээрээ тогтох хугацаа арван жил тутамд 1.7 секунд, давамгай бус хөл дээр 2.2 секундээр буурч байжээ.

Үүнээс үндэслэн эрдэмтэд нас насны хүмүүсийн тэнцвэрээ барих хугацааны доод хэмжээг тогтоож өгсөн байна.

Тухайлбал 50-69 насныхан аль ч хөл дээрээ 30 секунд, 70-79 насныхан 20 секунд, 80-аас дээш насныхан 10 секунд зогсож чадаж байхад хэвийн гэж дүгнэжээ.

Нэг хөл дээрээ удаан тогтож чадахгүй байвал зөвхөн булчингийн асуудал биш, бас зүрх судас, тархи мэдрэл, зөнөх болон Паркинсоны өвчний шинж тэмдэг байх боломжтойг Кауфман тайлбарласан байна.

Аль нэг хөл дээрээ таван секунд тогтож чадахгүй байгаа хүмүүс яаралтай эмчид үзүүлэх ёстойг тэр зөвлөжээ.

Тэнцвэрээ удаан хадгалахын тулд бүр залуугаасаа эхлэн хөдөлгөөний идэвхтэй амьдарч, булчингаа хөгжүүлэх ёстой гэж судлаачид үзэж байна.

Энэхүү судалгаанд оролцоогүй Нью-Йоркийн Их сургуулийн физик эмчилгээ судлалын туслах профессор Анат Любецки тэнцвэрээ хөгжүүлэх нь хүний эрүүл, урт наслалтад чухал болохыг баталж, уг чадварыг сайжруулах зарим арга замыг зөвлөжээ.

Тухайлбал тэр иогийн дасгал гэх мэт хүчний болон тэнцвэрийн дасгалуудаар байнга хичээллэхийг зөвлөсөн байна. Амьдралд хамгийн ойр, өдөр тутмын дасгал нь зогсоо байдлаас хоёр хөлдөө яаралгүйгээр ээлжлэн оймс өмсгөх арга гэнэ.

 

Эх сурвалж: CNN