Уншиж байна ...

Б.Рагчаа: Цахилгааны үнэ нэмэхийг бид эрс эсэргүүцэж байна

Э.Тэмүүлэн, iKon.mn
2 цаг 18 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо (МҮЭХ)-ноос өнөөдөр эрчим хүчний үнэ болон төсвийн асуудлаар сэтгүүлчдэд хандлаа.

Улс төрийн намуудыг мөрийн хөтөлбөрөө биелүүлэхийг шаардаж байгаагаа тэд мэдэгдсэн юм. Тодруулбал Улсын Их Хурал (УИХ) болон орон нутгийн сонгуульд оролцохдоо намууд мөрийн хөтөлбөртөө хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлнэ гэж тусгасан боловч төсөв батлахдаа энэ амлалтаасаа ухарсан гэдгийг онцолсон.

Энэ талаар МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч Б.Рагчаа "Монгол Улсад ядуурлын түвшин 27.1 хувьтай, амьжиргааны баталгаажих түвшин сүүлийн хоёр жилийн хугацаанд 58.5 хувиар өслөө. Энэ нь биднийг ядуурал руу бага багаар гулсаж байгааг харуулж байна.

Манай улсад гамшгийн хэмжээнд яригдаж буй зүйл бол хүний нөөцийн бодлогын асуудал. Хамгийн өндөр боловсролтой, мэдлэгтэй, эрүүл хүмүүс маань гадаад руу дүрвэж байгаа. Үүний учир шалтгаан нь хөдөлмөрийн үнэлэмж маш бага байгаатай холбоотой.

Энэ асуудлыг зохицуулахаар төсөвт суулгах байх гэсэн хүлээлттэй байсан боловч тийм зүйл ажиглагдсангүй. Монгол төр хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлсэн төсөв оруулж ирэх ёстой

Эрчим хүч, дулааны үнийг нэмэхийг бид эрс эсэргүүцэж байна. Тодруулбал салбарын сайд Б.Чойжилсүрэн саяхан цахилгааны үнийг 64 хувиар, дулааныг 28 хувиар нэмэхээ мэдэгдсэн. Эрчим хүчний салбарт шинэчлэл, реформ хийх зайлшгүй шаардлагатай. Гэхдээ үнийг эрчим хүчний зохицуулах хороо хэмээх байгууллага бодитоор тооцож чадаж байгаа эсэхийг хянах хэрэгтэй байна.

Мөн манай улсад одоогоор 100 гаруй мянган аж ахуйн нэгж бий. 92 хувь нь 20 хүртэлх хүн ажиллуулдаг. Гэтэл эрчим хүчний үнийг ингэж нэмбэл тэд ажлын байрыг хадгалах боломжгүй болно" гэв.

"2024 оныхоо төсвийн зардлыг нээлттэй сонсгол байдлаар хийхийг шаардаж байна"

Түүнчлэн төсвийн ил тод, нээлттэй байдал маш чухлыг тэрбээр онцлоод "Төсөв гээд танилцуулахаар хэдэн тоо тавьчихсан цаас үзүүлдэг. Задаргааг нь харахаар маш их аюул бий. Монгол Улсын Ерөнхий аудитор энэ асуудал дээр ажиллахгүй байна. Төсвийн үрэлгэн зардлыг ард иргэдэд ойлгуулж байгаа ганц хүн байгаа нь "Шилэн" Цогоо. 

2024 оныхоо төсвийн зардлыг нээлттэй сонсгол байдлаар хийхийг шаардаж байна. Сайд дарга нар төсвийн мөнгөөр их зугаалж байгааг бид харж байна. Туршлага судлах нэрээр аялаад алга болдог. Үр дүн нь тодорхойгүй үлддэг.

Түүнчлэн МҮЭХ-ноос хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар олон жил ярьж байгаа. Сүүлийн 3-4 жилийн судалгаанаас харахад ажил үүргээ гүйцэтгэж яваад 250 хүн амь насаа алдсан, 850 гаруй нь хүнд бэртэл авч, дахин ажиллах боломжгүй болсон.1,700 гаруй иргэн үйлдвэрлэлийн осолд өртсөн баримт бий" гэсэн юм.