Орон нутгийн машин нийслэлд 48 цагаас дээш хугацаанд зорчвол хоног тутамд ₮5,000 төлөх журам мөрдөгдөж эхэлснээс хойш нэг сар гаруйн хугацаа өнгөрч байна.
Энэхүү журам бодит байдал дээр хэрхэн хэрэгжиж байгаа талаар Замын Хөдөлгөөний Удирдлагын Төвөөс тодруулахад "Орон нутгийн дугаартай тээврийн хэрэгсэл нийслэл хотод ирээд 48 цаг өнгөрсөн тохиолдолд авто зам ашигласны төлбөрт хоног тутамд 5,000 төгрөгөөр тооцож, төлбөр авч байгаа. Энэ нь торгууль биш, авто зам ашигласны төлбөрийн зохицуулалт юм.
Орон нутгаас 2024 оны есдүгээр сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод орж ирсэн тээврийн хэрэгсэл товчоодын цахим төхөөрөмжид бүртгэгдэж, журамд хугацаанаас хэтэрсэн тохиолдолд хоног тутмын төлбөр тухайн иргэнд мэссэжээр очиж байгаа. Төлбөр Авто замын санд төвлөрнө.
Тухайн өдрөөс өмнө нийслэл хотод ирсэн байсан тээврийн хэрэгсэлд хамаарахгүй" гэв.
Тус газраас мэдээлснээр энэ оны есдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 23-ны өдрийн байдлаар нийслэлийн товчоодоор нийт 1,058,514 тээврийн хэрэгсэл орж, 705,968 тээврийн хэрэгсэл гарсан байна. Үүнээс Улаанбаатар хотын дугаартай тээврийн хэрэгсэл 867,000, хөдөө орон нутгийн дугаартай тээврийн хэрэгсэл 182,700 нэвтэрсэн бол Улаанбаатар хотын дугаартай 572,791, хөдөө орон нутгийн дугаартай 133,177 тээврийн хэрэгсэл хотоос гарчээ.
Нийслэлийн товчоодоор буцаж гараагүй хөдөө орон нутгийн дугаартай 49,337 тээврийн хэрэгсэл байна.
Харин журам хэрэгжиж эхэлснээс хойш нэг сар гаруйн хугацаанд Авто замын санд хэчнээн төгрөгийн төлбөр төвлөрсөн талаарх мэдээллийг нэгтгэж байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!