Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/10/26-НД НИЙТЛЭГДСЭН

Умард Солонгос цэргээ ОХУ-д илгээсэн нь Хятадад таалагдахгүй байна

Т.Давааням, ikon.mn
2024 оны 10 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Ким Жон Уны дэглэмийн түрэмгий зан авир нэмэгдэж байгаа нь түүний гол ивээн тэтгэгч Хятадад таалагдахгүй байгааг судлаачид баталж байна.

Тухайлбал БНАСАУ болон ОХУ-ын цэргийн хамтын ажиллагаа нь бүс нутгийн хүчний тэнцвэрт байдлыг алдагдуулж, тэр ч бүү хэл дайн мөргөлдөөн гарсан тохиолдолд Умард Солонгосыг хамгаалах шаардлага Бээжингийн эрх баригчдад тулгарч болзошгүй ажээ.

Өнгөрсөн долоо хоногт БНХАУ байгуулагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан баяр хүргэсэн Ким Жон Унд хариу талархал илэрхийлэхдээ Ши Жиньпин урьд өмнө нь байнга хэрэглэдэг байсан “найрсаг хөршийн харилцаа” гэдэг хэллэгийг орхигдуулсан нь санамсаргүй зүйл биш гэж судлаачид үзэж байна

Умард Солонгос цэргээ Оросын армид илгээсэн явдлыг Сөүлийн Күкминий Их сургуулийн Умард Солонгос судлаач Андрей Ланков “Хятадад яасан ч таалагдахааргүй ноцтой алхам” гэж дүгнэжээ.

Цэрэг илгээснийхээ хариуд Пёняны дэглэм өөрийн пуужин, цөмийн зэвсгийн хөтөлбөрт хэрэг болох технологи авсан бол Солонгосын хойгт зэвсэглэлээр хөөцөлдөх үйл явцыг хурдасгаж, энэ нь эргээд Хятадын үндэсний аюулгүй байдалд заналхийлэхийг Цинхуа Их сургуулийн Олон Улсын Харилцааны Хүрээлэнгийн судлаач Чэнь Чи тайлбарласан байна.

Бээжингийн эрх баригчид Алс Дорнодод хуучин Зөвлөлт, Хятад, Умард Солонгосын “хойд гурвал”, АНУ, Өмнөд Солонгос, Японы “өмнөд гурвал”-ын зөрчил хурцдаж байсан Хүйтэн дайны үедээ буцах хүсэлгүй байгааг Нанжиний Их сургуулийн Олон Улс Судлалын сургуулийн ректор Зу Фэн хэлжээ.

Энэ долоо хоногт Казань хотод болж өнгөрсөн БРИКС-ийн чуулганы үеэр Ши Жиньпин “Украины хямралд гал нэмэх”-ээс зайлсхийж, гуравдагч улс орнууд оролцохоос сэргийлэх ёстойг анхааруулсан юм.

Пүрэв гарагт болсон хэвлэлийн хурлын үеэр Хятадын гадаад хэргийн яам Пёняны дэглэм цэргээ Орост илгээснийг

“одоогийн нөхцөл байдалд зохихгүй үйлдэл” гэж тодорхойлжээ.

Хэрвээ Умард Солонгосын цэрэг Украины армийн албан ёсны бай болбол холбоотон улсынхаа хувьд Хятад улс дайнд татагдан орох боломжтойг Шанхайн Их сургуулийн олон улсын харилцааны профессор Шэнь Диньли анхааруулж байна.

“Хэрвээ Умард Солонгос халдлагад өртвөл Хятад улс цэргээ илгээж, тус улсыг хамгаалахад бүхий л арга хэрэгслийг ашиглах гэрээгээр хүлээсэн үүрэгтэй” гэж тэр хэлжээ.

Умард Солонгосын авсан арга хэмжээний хариуд Өмнөд Солонгос ч зүгээр суухгүй, Украинд зэвсэг нийлүүлж эхлэх боломжтойгоо мэдэгдээд байгаа.

Мөн Сөүлийн эрх баригчид Умард Солонгосыг хязгаарлахыг Бээжингээс хүсэх магадлалтайг Берлин дэх Карнегийн Орос, Еврази судлалын Төвийн захирал Александр Габуев хэлжээ.

“Хятад улс Орос, Умард Солонгосын цэргийн хамтын ажиллагаа бэхжиж байгаад сэтгэл хангалуун бус байгаагаа нэгэнт илэрхийлээд байна. Хэрвээ Хятад улс уг асуудлыг шийдэхгүй бол Солонгосын хойгт АНУ-тай түншлэлээ өргөжүүлэх боломжтойг Өмнөд Солонгосын тал илэрхийлэх нь гарцаагүй” гэж тэр тайлбарласан байна.

 

Эх сурвалж: The Financial Times