Боловсролын сайд П.Наранбаяр цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-Багш нар цалингаа нэмүүлэхийг шаардаж байгаа. Та үүнд ямар хариу өгөх вэ?
-Цалинтай холбоотой багш нарын шаардлагыг үндэслэлтэй гэж үзэж байна. Яагаад гэвэл төрийн албан хаагчид дундаа багш нар хамгийн бага үндсэн цалинтай. Үндсэн цалинг дорвитой өсгөх шаардлагатай байгаа. Өнгөрсөн жил 6 хувиар нэмэгдүүлсэн нь хангалтгүй юм.
Тиймээс Засгийн газрын зүгээс цалин нэмэх асуудлаар үйлдвэрчний эвлэлийн төлөөллийг оролцуулсан ажлын хэсгийг ажиллуулж эхлээд байна. Уг ажлын хэсэгт Сангийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсролын яам оролцож байгаа.
Энэ ажлын хэсэг ярилцаад энэ жилийн төсвийн хэмнэгдсэн хэсэг дээр багшийн цалинг өсгөх бодлого барина. Нөгөө талд өөр эх үүсвэр бий болгох үүргийг Ерөнхий сайд өгсөн. Ерөнхий сайд багш нарын цалинг гурван жилийн хугацаанд тогтвортой өсгөх төлөвлөгөө боловсруулж, эх үүсвэртэй нь танилцуул гэдэг үүрэг даалгавар өгөөд байгаа.
-Багш дутагдалтай байгаа. Багшийн дутагдлыг хэрхэн нөхөх вэ?
-Өнгөрсөн жилийн өдийд 4,300-4,400 багшийн дутагдалтай байсан бол энэ жил 3,500 орчим багшийн дутагдалтай байна.
Хамгийн санаа зовоож байгаа нь байгалийн ухааны чиглэлийн багшийн дутагдал. 500 орчим багш дутагдалтай байна. Багш дутаад байна гэдэг нь тэнд сургалт явахгүй гэсэн үг.
Багшийн дутагдлыг арилгахын тулд зургаан багц арга хэмжээг хэрэгжүүлнэ. Тухайлбал, тэтгэвэртээ гарсан багшийг эргэн ажиллуулах, төгсөж байгаа оюутныг шууд ажиллуулах, дадлага хийж байгаа оюутныг цалинжуулж багшлуулах, багшийн мэргэжлээр төгссөн ч энэ чиглэлээрээ ажиллаагүй хүмүүсийг урьж ажиллуулах зэрэг арга хэмжээг авна.
Мөн ирэх оны төсвийн хүрээнд 4,000 орчим төрийн албан хаагчийг цомхотгоно. Гэхдээ үүнд багш, эмчийг оруулахгүй.
‑Энэ хичээлийн жилд 3, 4 дүгээр ангиас англи хэлний хичээл орохоор болсон. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Англи хэл заах багш нарыг бэлдэж байгаа. Өнгөрсөн жил туршилтаар англи хэлний хичээл оруулахад амжилттай болсон. Энэ жил англи хэлийг нэмэлт хөтөлбөрөөр гуравдугаар ангиас оруулахаар бэлтгэлээ хангаж байна. Энэ чиглэлээр бага ангийн багш нараас судалгаа авахад 40 орчим хувь нь өөрсдөө англи хэл заах хүсэлтэй, бэлэн байна гэсэн. Багшийн болон сурагчийн ашиглах ном, хичээлийн хөтөлбөрийг олон улсын хөтөлбөрөөс ашиглахад бэлэн болсон.
‑Өнгөрсөн жил багшаар ажиллах хүсэлтэй хүмүүсийг богино хугацааны сургалтад хамруулсан. Тэр сургалтад хэдэн хамрагдсан бэ?
-Богино хугацааны буюу 45 хоногийн сургалтад 120 гаруй хүн хамрагдаад төгссөн. Үүнээс цагийн багшаар ажилласан 40 орчим хүн байсан.
-Сургууль хүрэлцээгүй байхад Боловсролын яам хурлын өрөөнийхөө сандал, ширээг солих шаардлагатай байсан уу?
-Тэр бол яамны хурлын өрөө биш. Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн сандал ширээ огт шинэчлэгдээгүй байсан. Цахим шилжилттэй холбоотойгоор маш олон хурал, уулзалт хийж байгаа. Мөн сервер хэрэг болсон. Тэгээд шинэчлэл хийсэн юм билээ. Аливаа төрийн байгууллагад IT-гийн аюулгүй байдлаа хангахын тулд хөрөнгө оруулалт хийж байдаг. Тэр хүрээнд хийсэн юм билээ.
Өнөөдөр нэг ангид 40-өөс дээш хүүхэдтэй хичээллэж байгаа сургуулиуд нийслэл болон аймгийн төвүүдэд байгаа. Энэ асуудлыг шийдэхийн тулд “Хотхоны бага сургууль” гэдэг концепцыг зарлаад чиглэлийг нь хүргүүлсэн байгаа. Үүнийг хувьсах зардлаар дэмжих, олон нийтэд таниулах шаардлагатай байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!