Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/13-НД НИЙТЛЭГДСЭН

Илон Маск өөрийнх нь бизнесийг "ялгаварлан гадуурхаж" байгаа Apple компанийг сүрдүүлэв

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 8 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Хиймэл оюуны технологийн компаниудаас ганцхан OpenAI компанийг дэмжиж, бусдыг нь зориуд дарж байна гэсэн үндэслэлээр Apple компанийг шүүхэд өгөхөө тэрбумтан Илон Маск мэдэгджээ.

“Apple нь OpenAI-аас бусад хиймэл оюуны аль ч компанийн бүтээгдэхүүнийг App Store дэлгүүртээ нэгдүгээрт эрэмбэлэгдэх боломж өгөхгүй байгаа нь шударга бус өрсөлдөөний зөрчил юм. xAI компани энэ асуудлаар яаралтай арга хэмжээ авах болно” гэж Маск өчигдөр сошиал хуудсандаа бичсэн байна.

xAI бол түүний хөрөнгө оруулсан хиймэл оюуны технологийн компани бөгөөд OpenAI-тай өрсөлддөг юм.

Үүнээс өмнө Маск “X нь таталтын тоогоор App Store дэлгүүрийн мэдээний аппликэйшн ангиллын нэгдүгээрт, Grok нь бүх аппликэйшний тавдугаарт эрэмбэлэгдэж байхад танайх яагаад онцлох хэсэгтээ нэмэхгүй байгаа юм бэ? Улс төржиж байгаа юм уу?” хэмээн бичиж байв.

OpenAI компанийн ChatGPT аппликэйшн одоогоор АНУ-ын App Store дэлгүүрийн “шилдэг үнэ төлбөргүй” жагсаалтыг тэргүүлж байгаа бол xAI компанийн Grok аппликэйшн тавдугаарт жагсаж байгаа юм.

Apple компани өөрийн iPhone, iPad, Mac зэрэг бүтээгдэхүүнүүдэд ChatGPT платформыг ашиглахад OpenAI компанитай хамтран ажилладаг.

зураг
 

Тэгвэл OpenAI компанийн гүйцэтгэх захирал Сэм Олтмэн өчигдөр Маскийн гомдолд хариу бичихдээ “X платформыг дан ганц өөрийн болон өөрийн компаниудын тусын тулд ашиглаж, өрсөлдөгчид болон өөрийн дургүй хүмүүсийн эсрэг зэвсэг болгодог Илоны хувьд энэ бол гайхмаар мэдэгдэл юм” хэмээн тохуурхсан байна.

Олтмэн, Маск нар 2015 онд OpenAI компанийг хамтдаа үүсгэн байгуулж байсан юм. Гэвч Маск тус компанийг өөртөө худалдаж авах санал гаргасныг бусад хөрөнгө оруулагчид эсэргүүцсэн тул 2018 онд оруулсан хөрөнгөө татаад гарч байжээ.

Үүнээс хойш тэр Олтмэний эвлэршгүй дайсан болж, хоёр ч удаа шүүхдэлцэж байв.

Олтмэний бичсэний хариуд Маск “Надаас 50 дахин цөөн дагагчтай хэрнээ чи өөрийнхөө хөгийн постыг 3 сая хүн үзсэн мэт худал харуулж байна” хэмээн шүүмжилжээ.

Гэхдээ OpenAI-аас бусад компанийн бүтээгдэхүүнийг зориуд дардаг гэх Маскийн шүүмжлэл эргэлзээтэй юм.

Хятадын DeepSeek аппликэйшн өнгөрсөн нэгдүгээр сард АНУ-ын зах зээлд нэгдүгээрт эрэмбэлэгдэж байсан удаатай. Өөр нэг хиймэл оюуны бүтээгдэхүүн Perplexity өнгөрсөн сард Энэтхэгийн зах зээлд таталтын тоогоор тэргүүлж байжээ.

Дээрх хоёр үйл явдал аль аль нь Apple, OpenAI компаниудын хамтын ажиллагаа эхэлснээс хойш болсон юм.

 

Эх сурвалж: Associated Press