Хөвсгөл аймагт энэ сарын 7-нд, Завхан аймагт энэ сарын 9-нд ой хээрийн түймэр гарсан тухай мэдээллийг онцгой байдлын алба хүлээн авч, ажиллаж байна. Алба хаагчид хоёр аймагт гарч буй түймрийг наймдугаар сарын 11-нд цурамд оруулсан бөгөөд бүрэн унтраахаар ажиллаж буйгаа албан ёсны сайтдаа мэдээлжээ.
Тодруулбал Хөвсгөл аймгийн Улаан-Уул сум Соёо багийн Бусын гол гэдэг газар ойн гал түймэр гарсныг www.firms.modaps.eosdis.nasa.gov сайтаар наймдугаар сарын 7-ны 14:22 цагт илрүүлсэн. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, Хилийн цэргийн 0257 дугаар ангийн алба хаагчид ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна. Энэ сарын 10-ны өдрийн байдлаар хоёр бүлэгт хуваагдан ажиллаж, 11-ний өдрийн 18:00 цагт түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байгаа юм.
Мөн Завхан аймгийн Баянхайрхан сум Төөнт багийн Хамар даваа гэдэг газар ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг наймдугаар сарын 9-ний 19:05 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын 39 дүгээр анги, 43 дугаар анги, 57 дугаар анги болон Сонгино сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, Асгат, Баянхайрхан, Түдэвтэй, Сонгино Тэс сумын мэргэжлийн ангийнхан ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, 11-ний 18:00 цагт түймрийг цурамд оруулан, бүрэн унтраахаар ажиллаж байна гэж Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!