Гэрэл зургийн технологийн Eastman Kodak компани үйл ажиллагаагаа удаан үргэлжлүүлэх боломжгүй болсныг хөрөнгө оруулагчдадаа анхааруулжээ.
133 жилийн түүхтэй тус компани Даваа гарагт улирлын санхүүгийн үр дүнгээ хөрөнгө оруулагчдад танилцуулсан юм.
Энэ үеэр Кодакын удирдлага удахгүй нэхэгдэх $500 саяын өрийг төлөх санхүүгийн эх үүсвэр болон бэлэн мөнгө байхгүй байгааг мэдээлжээ.
“Энэ нөхцөл байдал нь компанийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх чадварт ихээхэн эргэлзээ төрүүлж байна” гэж тус компанийн мэдэгдэлд өгүүлсэн байна.
Мягмар гарагийн арилжааны үеэр Eastman Kodak (KODK) компанийн хувьцааны ханш 25 гаруй хувиар унажээ.
Eastman Kodak 1892 онд үүсгэн байгуулагдсан юм. Гэхдээ 1879 онд Жорж Истман хавтан бүрэх машины анхны патентыг эзэмшсэн нь компанийн үндэс суурь болсон гэдэг.
Истман 1888 онд анхны Кодак камерыг $25-аар зарж байжээ.
Тухайн үед гэрэл зураг нь зөвхөн мэргэжилтнүүдийн хүрээнд мэддэг зүйл байсныг Кодак олон нийтийн хэрэглээ болгож чадсан юм.
Тиймээс Истман “Та товчлуурыг дар, үлдсэнийг нь бид хийнэ” гэсэн уриа гаргаж байжээ.
Кодак хэмээх нэрийг Истман зохиосон бөгөөд ямар нэг утга агуулаагүй гэж үздэг. “К үсэгт би дуртай. Энэ бол хүчтэй бөгөөд гоёмсог хэлбэртэй үсэг” гэж Истман хэлж байжээ.
Кодак компани зуу орчим жилийн турш гэрэл зургийн камер, хальсны үйлдвэрлэлийн салбарт амжилттай тэргүүлж байв.
1970-аад оны үед АНУ-ын хальсны зах зээлийн 90 хувь, камерын зах зээлийн 85 хувийг атгаж байжээ.
1973 онд Пол Саймоны “Kodachrome” нэртэй дуу жагсаалтуудыг тэргүүлж байв.
Кодак 1975 онд анхны дижитал камераа зах зээлд гаргасан боловч дижитал шилжилтийг ашиглаж чадаагүй юм.
2012 онд 100,000 орчим зээлдүүлэгчид нийт $6.75 тэрбумын өртэй Кодак анх удаа дампуурлаа зарлаж байжээ.
2020 онд АНУ-ын засаг захиргаа Кодакыг эмийн бодис үйлдвэрлэгч болгосон нь сэхэл авах “амь тариа” болж байв.
Одоо тус компани бизнесийн байгууллагуудад, тэр дундаа кино урлагийн салбарт зориулсан хальс, химийн бодисуудыг үйлдвэрлэсэн хэвээр байгаа. Мөн гэрэл зургийн технологийн олон лицензийг эзэмшдэг юм.
Эх сурвалж: CNN
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!