Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/13-НД НИЙТЛЭГДСЭН

У.Бямбасүрэн: “ЭТТ” ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэрийг уурхайн хажууд бариагүй. Байршлыг сонгосон үйл явцыг АТГ-аар шалгуулна

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 8 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосон ажлын явцыг хэлэлцсэн байна. 

Тус асуудлын талаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Бүрэн Эрхт Төлөөлөгч (БЭТ)-ийн багийн ахлагч У.Бямбасүрэн мэдээлэл өгөв. 

Тэрбээр "Эрдэнэс Тавантолгой ХК-ийн эхний хагас жилийн үндсэн гол үзүүлэлтүүд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 19-60 хувьтай буурсан. Өнгөрсөн жилийн эхний хагас жилд 17.1 сая тонн нүүрс олборлож байсан бол энэ жилийн эхний хагаст 13.8 сая тонн нүүрс олборлосон. 

Онцгой дэглэм тогтоосон хугацаанд Хятад улсын Ганц мод боомт дээр нүүрсний үнэ өсөж, 1,000 юань болсон. Тиймээс гадаад орчны нөхцөл байдлыг манай баг соргогоор ашигласан. Биржийн борлуулалт нэмэгдлээ. 2025 оны эхний хагас жилд нийт 85 арилжаа зохион байгуулсны 20 нь амжилттай болсон. Үүний үр дүнд 1.3 сая тонн нүүрс зарж, 95.5 сая ам.доллар олсон.

зураг
 

Нүүрс тээвэр болон зарим төсөл, хөтөлбөрийн үйл ажиллагааг эрчимжүүлж байна. Тухайлбал Тавантолгойн нүүрс ачих ложистикийн төв (ТНАЛТ)-ийн үйл ажиллагааг жигдрүүлэх, ашиглалтад оруулах, төслийг бүрэн хүчин чадлаар ажиллуулах зорилгоор Хяналт шалгалтын баг, техникийн ажлын хэсэг ажилласан.

Энэ төслийн төлөвлөлт, бүтээн байгуулалтын үе шат бүрд хууль тогтоомж, гэрээний үүрэг заалтыг зөрчсөн хувь хүн, хуулийн этгээдийг болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 10 сая тонн нүүрс баяжуулах үйлдвэрийн байршлыг сонгосон үйл явцыг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн. Энэ үйлдвэр нь Тавантолгойн нүүрс ачих ложистикийн төвөөс 12.5 км-ын зайтай. Уурхайн хажууд бариагүй үйлдвэрийн байршлыг хууль хяналтын байгууллага шалгах ёстой.

Тавантолгойн нүүрс ачих ложистикийн төвийн үйл ажиллагааг санхүүжүүлэхэд ЭТТ ХК 300 тэрбум төгрөг гаргасан. Өнөөдөр байдлаар бүрэн ашиглалтад ороогүй. 

Мөн компанийн бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгох, өр төлбөр, зардал бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгох ажлын хүрээнд эхний ээлжид худалдан авах ажиллагаатай холбоотой чиг үүргийн давхардлыг арилгаж, бусад чиг үүргийн давхардлыг арилгах бэлтгэл ажлыг хангаж байна" гэв.

видео: 

https://www.facebook.com/100064382633728/videos/1119676470058862