БНХАУ-ын Засгийн газраас Монгол улсын Засгийн газарт 2025-2026 оны хичээлийн жилд 220 хүнд тэтгэлэг олгохоор зарласан байсан. Энэ хүрээнд өчигдөр (2025/08/13) Бүгд Найрамдах Хятад Ард Улсын засгийн газрын тэтгэлгийг шилдэг 76 оюутан, төгсөгчдөд гардуулах үйл ажиллагаа Хятадын элчин сайдын яамд болж өндөрлөлөө. Тэтгэлгийн гол зорилго нь техник технологийн хөгжил дэвшил, хэл соёл, мэдлэг боловсролыг түгээж, цаашид Монгол улсад хувь нэмрээ оруулах боломжийг олгох юм.
БНХАУ-ын Элчин сайд Шэнь Минжуань:
"Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Элчин сайдын яамаар зочилж, БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгийн мэдэгдэл гардуулах ёслолын ажиллагаанд оролцож буй та бүхэнд баярлалаа. Миний бие БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны нэрийн өмнөөс нэр бүхий 76 шилдэг оюутнууд болон тэдгээрийн гэр бүлийнхэнд халуун баяр хүргэе.
Оюутнууд маань тун удахгүй эдийн засаг, улс төр, хууль эрх зүй, боловсрол, байгалийн ухаан, шинжлэх ухаан, технологи, анагаах ухаан, удирдахуйн ухаан зэрэг төрөл бүрийн мэргэжлээр суралцахаар Хятад улсыг зорих гэж байна. Энэ нь Монгол Улсын нийгэм, ялангуяа залуу үеийнхэн Хятад улсын салбар бүрийн өндөр чанартай хөгжлийг бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрч, өндрөөр тэмүүлж буйн нэгэн тод илрэл юм.
Өнөө цагийн Хятад улсын хөгжил дэвшлийг тодорхойлох хоёр түлхүүр үг бий.
Эхний үг бол “тогтвортой байдал”. Энэ оны эхний хагас жилд, дэлхий дахин асар их тодорхойгүй нөхцөл байдалтай нүүр тулсан хүндхэн цаг үеийг Хятад улс амжилттай даван туулж, тогтвортой байдлаа сайтар хадгалсны үр дүнд эдийн засаг 5.3 хувийн өсөлттэй гарлаа. Хятад улс олон жилийн турш дэлхийн эдийн засгийн өсөлтийн 30 гаруй хувийг бүрдүүлсээр ирсэн нь дэлхийн эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хүч бөгөөд тогтвортой байдлын тулгуур болох байр сууриа бүрэн харуулж байна.
Хоёр дахь түлхүүр үг бол “инновац” юм. Та бүхний хойно харагдаж буй хэвлэл дээр мөн энэ талаар байршуулсан байгаа. Сүүлийн жилүүдэд, Хятад улс шинжлэх ухаан, технологийн салбарт арвин амжилттай байна. Цахилгаан автомашин, литийн батарей, нарны хавтан гэх нэрийн хуудас болохуйц “Гурван шинэ бүтээл”-ийн экспортоороо тэргүүлж, Deepseek, Unitrii Robotics, DJI зэрэг юникорн компаниуд шинжлэх ухааны томоохон дэвшлүүдийг тасралтгүй бүтээж байна. Шинэ эрчим хүчний үйлдвэрлэл зэрэг ногоон эдийн засаг эрчимтэй хөгжиж, Хятадын онцлогтой орчин үеийн шинэчлэлийн өнгө төрх улам бүр тодорч, дэлхийн эдийн засгийн өсөлт болон ногоон шилжилтэд шинэ эрч хүч оруулсаар байна.
Ганц цэцэг хавар болдоггүй, цэцэг бүхэн дэлгэрвээс хавар болдог. Хятад улс өөрийн орны хөгжил дэвшлээ дэлхий нийт, тэр дундаа хөрш орнуудын хөгжилтэй нягт уялдуулах бодлогыг тууштай баримталж, хөрш орнууддаа анхаарал хандуулж, хувь нэмрээ оруулсаар байна. Монгол Улс нь Хятад улстай хамгийн урт хуурай газрын хилийн шугамаар хиллэдэг хөрш орон төдийгүй Хятад улсын “Бүс ба Зам” өндөр чанартай бүтээн байгуулалтын чухал түнш орон билээ. Монголын гадаад худалдааны 70 хувийг Хятадтай хийж буй худалдаа бүрдүүлж, нийт экспортын 90 хувийг Хятад руу чиглэсэн экспорт бүрдүүлж байна. Ганцмод - Гашуунсухайт чиглэлийн хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц зэрэг томоохон төслүүд тогтвортой урагшилж байна. Эдгээр нь цаашлаад Монгол Улсын дэд бүтцийн холболтыг ахиулж, ард иргэдэд үр өгөөжөө өгч, та бүхэнд ч мөн ажил хөдөлмөр эрхлэх сайн орчин, хөгжлийн шинэ боломжуудыг авчрах юм. Би та бүхэнд хариуцлагатайгаар нэг зүйлийг хэлье. Монголын аж ахуйн нэгжүүд ч бай, Хятадын аж ахуйн нэгжүүд ч бай бид бүгд та бүхнийг эх орондоо эрдэм мэдлэгтэйгээ эргэн ирж, өөрийн хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна! Хятад улстай мөр зэрэгцэн алхах нь хөгжлийн боломжуудыг атгаж буй хэрэг. Хятадад итгэнэ гэдэг нь ирээдүйд итгэж буй хэрэг юм. Хятад хэл сурах, Хятад улсад суралцах соёл Монголд өргөн дэлгэр болж буйд баяртай байна. Хоёр орны боловсролын хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгдөг Монгол Улсын Боловсролын сайд Наранбаяр болон Монгол Улсын Боловсролын яаманд талархал илэрхийлье.
Оюутнууд та бүхнийг Хятад улсад суралцах боломжоо нандигнаж, эзэмшсэн мэдлэг боловсролоо Хятад, Монгол хоёр орны найрамдал, хамтын ажиллагаанд зориулж, хоёр орны хувь заяаны хамтын нийгэмлэгийг бүтээн байгуулах үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулахыг хүсэн ерөөе! Мөн энд хүрэлцэн ирсэн хүндэт гэр бүлийнхэнд нь зориулж хэлэхэд, Хятад улс Монголтой тун ойр, аюулгүй, амьдрахад таатай. Та бүхний хүүхдүүд Хятад улсад баяр хөөртэйгөөр суралцаж, оюутан насны аз жаргалтай цаг хугацааг өнгөрүүлэх болно. Та бүхэн санаа амар байгаарай. Мөн та бүхнийг хүссэн үедээ Хятадад очиж хүүхдүүдээ эргэхийг урьж байна" гэв.
Монгол улсын боловсролын сайд П.Наранбаяр:
"Эрхэм хүндэт Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Шэнь Миньжуань, Элчин сайдын яамны хамт олон, энд хүрэлцэн ирсэн залуус та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Юуны түрүүнд өрсөлдөөн дундаас мэдлэг чадвар, идэвх манлайлал, хичээл зүтгэлээрээ шигшигдэн шалгарч, БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт тэнцсэн та бүхэнд баяр хүргэе. Сурсан эрдэм, хуримтлуулсан мэдлэг, эзэмшсэн чадвар, хөгжүүлсэн нөөц бололцоогоо ашиглан, энэ амжилтад хүрч байгаад тань баяртай байна.
Монгол, Хятад хоёр улс бол өнө эртний баялаг түүхээр холбогдсон, өргөн хүрээний найрсаг харилцаа, нягт хамтын ажиллагаатай хөрш орнууд. Үүний нэгэн баталгаа нь хоёр улсын боловсролын салбар дахь хамтын ажиллагаа билээ. Хятадын дээд боловсролын салбарын хөгжил дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгджээ. Энэ онд гэхэд дэлхийн шилдэг 100 их сургуульд тус улсын 7 их сургууль багтаж, хоёр нь эхний 15 дотор эрэмбэлэгдсэн байна.
Хятадын их сургуулиуд хурдацтай хөгжиж, Засгийн газраас нь ихээхэн анхаарал хандуулж, хөрөнгө оруулалтыг нэмж, боловсролын түншлэлээ өргөжүүлж, боловсролын тогтолцоо нь чанаржсаар байгааг олон улсад тэмдэглэж байна. Энэ таатай нөхцөлд тухайн улсын зардлаар дээд боловсрол эзэмшинэ гэдэг томоохон боломж. Энэ боломжийг бүрдүүлж, улсын хөгжлийн үндэс болох хүний хөгжил, залуусын боловсрол, сайн сайхан ирээдүйд хөрөнгө оруулж буй БНХАУ-ын Засгийн газар, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хамт олон Та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс, нийт оюутан, төгсөгч, тэдний гэр бүлийн нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье. Эрдмийн их аяндаа гарах гэж буй залуус Та бүхэн амжилттай суралцахын зэрэгцээ юм үзэж, нүд тайлан, төгсөж ирснийхээ дараа эзэмшсэн боловсрол, мэдлэг туршлагаа ашиглан эх орондоо хөгжил дэвшил, эерэг өөрчлөлтийг авч ирээрэй хэмээн захиж хэлье. Амжилтын дээд, эрүүл энхийг хүсэн ерөөе" гэж хэллээ.
Тэтгэлэг авсан оюутан, төгсөгчдийн сэтгэгдлээс сонирхуулъя.
Л.Дэлгэрноров: Маш их сэтгэл ханамжтай байна. Би бакалавраа Хятад улсад төгсөөд өндөр сэтгэгдэлтэй байсан тул магистраа ч бас ахин тэнд суръя гэж бодсон. Би зүү төөнө заслын их эмчээр төгссөн ба цаашдаа Монгол улсад Хятадын уламжлалт анагаах ухааныг дэлгэрүүлэх зорилготой байна.
А.Баясгалан: Сэтгэгдэл маш өндөр байна. Би өмнө Хятадын тэтгэлгээр бакалаврын зэргээр төгсөж, 5 жил бизнесийн салбарт ажиллаж байгаад магистрын зэрэг ахиулан, дахин тэнцсэндээ баяртай байна. Олон улсын худалдаа, бизнесийн чиглэлээр явж байгаа ба Монгол улсын бизнесийн салбарт хувь нэмрээ оруулах зорилготой байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!