Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/14-НД НИЙТЛЭГДСЭН

Украинтай гал зогсоох тохиролцоонд хүрэхгүй бол Путин “маш хатуу үр дагавар” амсахыг Трамп анхааруулав

Т.Давааням, ikon.mn
2025 оны 8 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагт Аляскад болох уулзалтын үеэр Украинтай гал зогсоох тохиролцоонд хүрэхгүй бол Путин “маш хатуу үр дагавар” амсахыг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр анхааруулжээ.

Тэрбээр Украины ерөнхийлөгч Володимир Зеленский, Европын удирдагчидтай утсаар ярьсныхаа дараа ингэж мэдэгдсэн байна.

Трамп бас эхний уулзалт амжилттай болбол хоёр дахь уулзалтыг Зеленскийг оролцуулан хийхээ амласан юм.

“Хэрвээ эхнийх нь амжилттай болбол бид хоёр дахийг нь удахгүй хийх болно. Би үүнийг нэн даруй хийхийг хүсэж байна. Хэрвээ ерөнхийлөгч Путин, ерөнхийлөгч Зеленский нар хүсвэл би энэ уулзалтад оролцоход бэлэн” гэж тэр Вашингтонд сэтгүүлчидтэй уулзахдаа хэлжээ.

Трамп маргааш Аляска мужийн Анкориж хотод ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзах юм.

Хүйтэн дайны үед Зөвлөлт Холбоот Улсын эсрэг ашиглагдаж байсан Элмендорф-Ричардсоны хамтарсан цэргийн баазыг уулзалт болох газраар сонгожээ.

Өчигдөр Европын удирдагчидтай утсаар ярихдаа Трамп гал зогсоох нь уулзалтын нэн тэргүүний зорилт бөгөөд Киевийн оролцоогүйгээр нутаг дэвсгэрийн асуудлыг шийдэхгүй гэсэн амлалтыг өгсөн байна.

Тэрбээр энэ уулзалтаар ямар ч гэрээ байгуулахгүй, зөвхөн Путиний “хандлагыг тандах” зорилготойг Европын удирдагчдад тайлбарлажээ.

Берлин хотод Зеленскийтэй цуг мэдэгдэл хийхдээ Германы канцлер Фридрих Мерц “Украины газар нутаг Оросын хууль ёсны өмч болох боломжгүй. Ерөнхийлөгч Трамп энэ байр суурийг ойлгодог тул бидний хооронд маш үр дүнтэй, бүтээлч яриа өрнөлөө” гэж хэлсэн байна.

Трамптай утсаар ярих үеэр Украины газар нутгийг өгөх талаар огт хөндөгдөөгүй, ийм асуудлыг зөвхөн Киевийн оролцоотой шийдвэрлэх ёстой гэдэгтэй санал нэгдсэнийг Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон баталжээ.

Европын нэг дипломатч “Яриа ерөнхийдөө бидний санаа бодлыг тайтгаруулсан. Гэхдээ Трамп тохиролцсон зүйлсээ Путинтэй нэг өрөөнд орох үеэр баримталж чадах уу гэдэг асуулт нээлттэй үлдэж байна” гэж хэлсэн байна.

Трамптай утсаар ярихад Герман, Их Британи, Франц, Итали, Польш, Финландын удирдагчид, Европын комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен нар байлцжээ.

 

Эх сурвалж: AFP