Их Британийн Ливерпүүл хотод сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 4-14-ны өдрүүдэд болно. Тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ж.Энхтөр, дасгалжуулагч О.Батхүү, Ж.Еркин нарын удирдлага дор эрэгтэй тав, эмэгтэй таван тамирчин оролцохоор бэлтгэл сургуулалтаа хангаж байна.
Боксын насанд хүрэгчдийн эрэгтэй, эмэгтэйчүүдийн ДАШТ-ийг анх удаа нэг дор зохион байгуулах гэж байна. Тэмцээний эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд А.Баттулга, 55 кг-д Х.Билгүүнсайхан, 70 кг-д О.Бямба-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Л.Алтанцэцэг, 51 кг-д Б.Мөнгөнсаран, 54 кг-д О.Есүгэн, 57 кг-д М.Энхжаргал, 60 кг-д М.Намуун нар тулалдана.
Эрэгтэйчүүдийн 60 болон 65 кг-ын жинд дөрвөн тамирчны дунд энэ сарын 20-нд сорил явуулж, ялагчийг ДАШТ-д эх орноо төлөөлөх эрх олгоно.
Монголын боксчид насанд хүрэгчдийн ДАШТ-ээс нийт 16 медаль хүртсэн ба анхны медалийг 1982 онд гавьяат тамирчин Р.Отгонбаяр (57 кг-д мөнгө) хүртэж байсан бол отгон медальтан нь гавьяат тамирчин Б.Чинзориг (63.5 кг-д мөнгө), Б.Мишээлт (67 кг-д хүрэл) нар юм.
Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!