Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын ерөнхий сайд Нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, авлига албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр захирамж гаргасан талаар ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Д.Мөнх-Эрдэнэ дараах мэдээллийг өглөө.
Уг захирамжийн дагуу Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлж мөн Трансперенси интернешнл олон улсын байгууллагаас гаргадаг Авлигын эсрэг төсөөллийн индекст Монгол улсын үнэлгээг сайжруулах, хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд саад учруулж байгаа хууль бус дарамт саадыг арилгах ажлыг шуурхай зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан байна.
Энэ ажлын хүрээнд төрийн өндөр албан тушаалтнуудын үндэслэлгүй хөрөнгөжсөн асуудлыг шалгаж АТГ, цагдаагийн байгууллага Улсын ерөнхий прокурортой хамтран ажиллах үүрэг даалгаврыг өгчээ.
Бизнес эрхлэгч, аж ахуйн үйл ажиллагаа явуулж буй иргэдэд Зөвшөөрлийн тухай хуульд зааснаас бусад хүнд суртал учруулж байгаа бүх төрлийн хууль бус зөвшөөрөл, бүртгэл, гэрээ, санал дүгнэлтийг хүчингүй болгох ажлыг шуурхай зохион байгуулж 2025 оны есдүгээр сарын 10-ны дотор Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэхийг үүрэг болгожээ.
Хөрөнгө оруулагчид, аж ахуй нэгж, бизнесийн байгууллагад дарамт учруулж байгаа албан тушаалтнуудад шуурхай хариуцлага тооцож арга хэмжээ авахыг холбогдох засгийн газрын гишүүд болон яамдын төрийн нарийн бичгийн дарга нар аймаг, нийслэлийн удирдлагуудад үүрэг болгожээ.
Авлига албан тушаалын гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгах чиглэлээр багц хуулийн төсөл боловсруулж 2025 оны аравдугаар сарын 1-ний өдрийн дотор Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг үүрэг болгожээ.
Авлигын төсөөллийн индекст сөргөөр нөлөөлж иргэдийн мэдэх эрхийг хязгаарлаж, төрийн үйл ажиллагааны ил тод нээлттэй байдал бий болоход саад болж байгаа "албаны нууц" гэх асуудлыг хүчингүй болгож Төрийн болон албан нууцын тухай" хуульд өөрчлөлт оруулах саналыг боловсруулж 2025 оны есдүгээр сарын 10-ны дотор Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх үүргийг өгчээ.
Трансперенси интернешнл олон улсын байгууллагаас удаа дараа зөвлөмж болгож байгаа Шүгэл үлээгчийн эрхзүйн байдлын тухай хууль, гэрч, хохирогчийг хамгаалах үндэсний тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр хуулийн төслүүдийг яаралтай боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг үүрэг болгожээ.
https://www.facebook.com/iKonNews/videos/1119676470058862
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!