Уншиж байна ...

1952 оноос хойш Монголд бүртгэгдээгүй байсан ямааны годрон өвчин Дорноговьд илэрч, 11,000 орчим ямааг устгалд оруулжээ

Б.Бадамгарав, IKon.mn
2 цаг 12 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Дорноговь аймагт ямааны годрон өвчин гарсан нь лабораторийн шинжилгээгээр баталгаажсаныг Мал Эмнэлгийн Ерөнхий Газар(МЭЕГ)-аас өнөөдөр албан ёсоор мэдэгдэв. 

МЭЕГ-ын Мал эмнэлгийн хяналт баталгаажуулалтын газрын дарга Б.Болдбаатар "Ямааны годрон өвчин нь 1952 онд баруун хязгаарт гарснаас хойш дахиж гараагүй. Мал эмнэлгийн салбарын хүрээнд энэ өвчнийг устгасан гэсэн ангилалтай байв. Олон улсын гадаад худалдаанд хориг тавигддаггүй.

Үхэл өндөртэй, халдварлалт ихтэй учир гоц халдварт өвчний ангилалд бий.

Долдугаар сарын 10-дын үеэр анх дуудлага ирсэн. Дуудлагын дагуу аймгийн Мал эмнэлгийн газрын лаборатори очиж дээж авч шинжилсэн. Үүгээр тухайн орон нутагт эндемик хэлбэрээр гардаг цусан халдварт өвчин эхний байдлаар оношлогдсон.

Цусан халдвартай тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлж байсан ч үхэл зогсохгүй байсан тул дахин дээж авч шинжилсэн. Долдугаар сарын 27-ны өдрийн шинжилгээний хариугаар Маэди Висна вирусийн халдварт өвчин гэх онош тогтоогдсон. Маэди Висна нь уушгины болон тархины хэлбэрээр хонь, ямааг өвчлүүлдэг. Энэ өвчинтэй тэмцэхэд вакцины арга хэмжээ байхгүй тул хоёрдогч халдвараас сэргийлэх эмчилгээ хийгддэг. Гэвч эмчилгээний үр дүн гарахгүй байсан тул өөр өвчин байх болзошгүй гэж үзээд дахин дээж авч шинжлэхэд мөн л Маэди Висна гэж гарсан. 

Есдүгээр 28-нд хотоос Мал Эмнэлгийн Хүрээлэн, Мал Эмнэлгийн Сургууль, Улсын Мал Эмнэлгийн Ариун Цэврийн Төв Лаборатори(УМЭАЦТЛ), МЭЕГ-аас ажлын хэсэг томилж, газар дээр нь ажиллуулсан. Олон  айлтай уулзан тандалт хийж, мал задалж үзэхэд годрон байж магадгүй гэх анхны таамаг гарсан. 

Маэди Виснагийн уушгины хэлбэр ямааны годронгийн уушгины өөрчлөлт нь төстэй. Нэг нь микоплазмаар үүсгэгддэг бол нөгөөх нь вирусээр үүсгэгдэг ялгаатай. 

УМЭАЦТЛ-д оношлуурын бэлэн байдлыг хангах шинжлэхэд аравдугаар сарын 10-ны өдрийн хариугаар микоплазмаар үүсгэгдэг ямааны годрон мөн байна гэж оношлогдлоо.

Улмаар аравдугаар сарын 11-ний өдрөөс хойш газар дээр нь ажиллаж, халдварын тархалтын хүрээг хэр байгааг тандлаа. Ажлын хэсэг 300 орчим малчин өрхөөр орж, дээж авч үзлэг хийсэн. Үүний үр дүнд 35-36 хот айлын А данстай 74 өрхийн 11,000 орчим ямааг устгалд оруулсан.

Халдвар авсан байж болзошгүй 6-7 дээжийг шинжлүүлэхэд дөнгөж сая Олон улсын мал эмнэлгийн ариун цэврийн лабораторийн хариугаар сөрөг гарлаа. Энэ бол таатай мэдээлэл.

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор сүүлийн 3-4 жил тандалт хийхэд ямааны годрон өвчний үүсгэгч илрээгүй. Энэ жил ямааны годрон өвчний үүсгэгч Монгол Улсад байхгүй гэдгийг албан ёсоор зарлахаар тайлан бэлдэж байх ийм хугацаанд энэ өвчин давхцаж гарлаа. 

Уг өвчнийг устсан гэж бодож байсан учраас 10 гаруй жилийн өмнөөс Биокомбинатад үйлдвэрлэж нөөцөд авдаг байсан вакциныг зогсоосон. 

Өвчингүй байж байгаад дэгдэлт гарсан учир голомт дахь өвчлөмтгий бүх малыг устгаж, жилийн дараагаас өвчингүй гэх статусаа хадгалахыг зорьсон арга хэмжээг авна. Хэрэв өөр эх үүсвэрээр халдвар өөр газарт дэгдвэл цаашид урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын стратегийг баримтлах боломжтой.

Эх үүсвэрийг тогтоохоор мэдээлэл цуглуулан, дүн шинжилгээ хийж байна. 2010 оноос эхлэн зээрийн овгийн амьтанд Ази, Ойрх Дорнодын орнуудад уг өвчин тархсан байна. Энэ талын сайн хийгдсэн судалгаанууд байна. Бид бүс нутгаас зээрийн төрлийн амьтнаас дээж авсан. Ямар үр дүн гарахыг хэлж мэдэхгүй. Эх үүсвэр нь хилээс 10 гаруй километрын зайд орших Тэнгэр тойром орчмоос эхлэлтэй. Тэнд нутаглаж байсан айлуудаас эхлэлтэй байгаа" гэлээ.

 

Мэдээллийг newswire.mn шууд дамжуулав