Уншиж байна ...

Б.Баярбилэг: Ус түгээгүүрийн ухаалаг төхөөрөмжийг цохиж гэмтээхгүй байхыг захья

Д.Янжиндулам, ikon.mn
2 цаг 10 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Өнөөдрийн байдлаар нийслэлийн 180 ус түгээгүүрийг автоматжуулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа бөгөөд уг ажил дуусахад Улаанбаатар хотын хэмжээнд нийт 331 ус түгээгүүр ухаалаг, 24 цагийн үйлчилгээнд шилжих гэнэ.

Өвлийн улиралд иргэд ус түгээгүүрийн ухаалаг тоног төхөөрөмжийг цохиж гэмтээх, эвдэх явдал цөөнгүй гарч байгааг Ус Сувгийн Удирдах Газраас/УСУГ/ анхаарууллаа.

Энэ талаар УСУГ-ын харьяа Шугамаар ус хангах албаны дарга Б.Баярбилэг “Улаанбаатар хотын зургаан дүүрэгт төвлөрсөн шугамд холбогдсон 328 ус түгээгүүр байдаг. Үүнээс 151 ус түгээгүүрийг 2016-2022 оны хооронд үе шаттайгаар автоматжуулсан бол 2022 оны нэгдүгээр сараас АНУ-ын Мянганы сорилтын сангийн санхүүжилтээр үндсэн 180 ус түгээгүүрийг автоматжуулах, тоног төхөөрөмж суурилуулах ажлыг хийж, төслийн үе шат өнөөдрийн байдлаар 90 хувийн гүйцэтгэлтэй байна.

Төсөл дууссанаар Улаанбаатар хотын хэмжээнд нийт 331 ус түгээгүүр ухаалаг, 24 цагийн үйлчилгээнд шилжинэ. Энэхүү ухаалаг систем нэвтэрч байгаатай холбоотойгоор иргэд тухайн тоног төхөөрөмжтэй зөв харьцах, тэдгээрийг гэмтээхгүй байхад анхаарахыг уриалж байна” гэв.

Нийт ухаалаг ус түгээгүүрийг УСУГ-ын Хяналт, удирдлагын төвөөс бүрэн хянаж удирдах боломжтой. Мөн ус түгээгүүрүүдийн орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор бүрэн камержуулжээ. Харин усыг зөөврийн автомашинаар түгээдэг нийт 380 орчим ус түгээгүүр байна. Эдгээр ус түгээгүүрийг ирэх оноос автоматжуулахаар төлөвлөж байгаа аж.

Иргэдээс усны картаа буруу цэнэглэснээс болж усаа авч чаддаггүй гэх дуудлага хяналтын төвд ирдэг байна. Тиймээс усны картыг цэнэглэх олон төрлийн сонголттой, хэрэглэгчид зориулсан аппликэйшн гаргах гэж буй талаар УСУГ-ын харьяа Шугамаар ус хангах албаны тооцооны нягтлан бодогч Р.Маамаахүү “Ухаалаг ус түгээгүүрээр үйлчлүүлэхдээ иргэд усны картаа буруу цэнэглэснээс болж картын цэнэглэлт ус авах үед ороогүй гэдэг асуудлаар Хяналт, удирдлагын төвд дуудлага нэлээд ирүүлдэг.

Удахгүй усны картыг цэнэглэх олон төрлийн сонголттой болно. Иргэд ус авахдаа хэрэглэгчид зориулсан гар утасны аппликэйшнд бүртгэлтэй утасны дугаарыг ус түгээх байранд хийснээр ус авч болно.

Хоёрт гар утасны аппликэйшнээр ус түгээх байраа цэнэглээд ус авах боломжтой.

Гуравт усны картаар ус авах боломжтой” гэж тайлбарлалаа.

Ус авах зориулалтаар ашиглах хэрэглэгчдэд зориулсан аппликэйшнийг үйлчилгээнд удахгүй нэвтрүүлэх юм байна.