Уншиж байна ...

Исланд улс ажлын цөөн өдөртэй долоо хоногт шилжсэний дараа эдийн засаг нь өсжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
29 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Исланд улс ажлын цөөн өдөртэй долоо хоногт шилжсэний дараа эдийн засаг нь Европын бусад улсуудынхаас илүү өссөн талаар судалгааны тайлан өчигдөр буюу Баасан гарагт нийтлэгджээ.

2020-2022 оны хооронд тус улсын ажиллах хүчний 51 хувь дөрвөн ажлын өдөртэй долоо хоногт шилжиж байсан гэнэ.

Одоо энэ хэмжээ улам их өссөн гэж судлаачид үзэж байна.

Үүний үр дүнд Исландын эдийн засаг Европын ихэнх орнуудынхаас илүү хурдтай өсөж, ажилгүйдлийн түвшин тивдээ хамгийн доод түвшинд хүрснийг Их Британийн Autonomy Institute, Исландын

Alda (Association for Sustainability and Democracy) хоёр судалгааны хүрээлэн тогтоожээ.

2015-2019 оны хооронд Исландад хоёр томоохон туршилт явагдаж байсан юм. Энэ үеэр Исландын төрийн албан хаагчдын долоо хоногийн ажлын цагийг 35-36 болгож, цалинг нь бууруулалгүй хэвээр үлдээсэн юм.

Өмнө нь тэдний ихэнх хэсэг долоо хоногт 40 цаг ажилладаг байжээ.

Уг туршилтад Исландын ажиллах хүчний нэг илүү хувьтай тэнцэх 2,500 хүнийг оролцуулсан юм байна.

Энэ хугацаанд хүмүүсийн ажлын бүтээмж буураагүй, хэвээр хадгалагдсан ч сэтгэл санааны сайн сайхан байдал, сэтгэл ханамж нэлээд хэмжээгээр нэмэгдсэнийг тогтоож байжээ.

Энэхүү туршилтын дараа Исландын үйлдвэрчний эвлэлүүд долоо хоногийн ажлын цагийг бууруулах асуудлаар ажил олгогчидтой хэлэлцээ явуулж байв.

2023 онд Исландын эдийн засаг 5 хувиар өссөн нь Европын баян чинээлэг орнуудаас зөвхөн Мальтын дараа орох үзүүлэлт байжээ.

2006-2015 оны хооронд Исландын эдийн засгийн жилийн дундаж өсөлт бараг 2 хувьтай тэнцэж байсантай харьцуулбал энэ нь том ахиц дэвшил юм.

Харин энэ оны өсөлт үүнээс арай бага буюу 3.8 хувьтай тэнцүү байхыг Олон Улсын Валютын Сан тооцоолжээ.

Сүүлийн жилүүдэд дэлхий даяар цөөн ажлын өдөртэй долоо хоногийн олон туршилт хэрэгжиж байгаа. Тухайлбал АНУ, Ирландад бүртгэлтэй 33 компанид 2022 онд ийм туршилт явуулахад мөн сайн үр дүн гарч байжээ.

 

Эх сурвалж: CNN