Уншиж байна ...

Илон Маск хоёр жилийн турш Путинтэй харилцаж байсан талаар баримт нийтлэгджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
37 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах Намын нэр дэвшигч Дональд Трампыг идэвхтэй дэмжиж буй дэлхийн тэргүүн баян Илон Маск сүүлийн хоёр жилийн турш ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй тогтмол харилцаа холбоотой байсныг батлах баримтыг өчигдөр WSJ (Wall Street Journal) сонин дэлгэжээ.

Тус сонин уг баримтыг АНУ, Европ, Оросын хэд хэдэн албаны эх сурвалжаас олж авсан гэнэ.

Тэдний ярианд хувийн харилцаанаас эхлээд геополитикийн асуудлууд хүртэл хөндөгддөг байсан гэнэ.

Тухайлбал Путин нэг удаа өөрийн холбоотон Хятадад туслахын тулд Старлинк хиймэл дагуулын үйлчилгээгээ Тайваньд нээхгүй байхыг Маскаас хүсэж байжээ.

Маск, Путин нар нууцаар харилцаж байсан нь Өрнөдийн орнуудын аюулгүй байдалд ноцтой асуудал юм.

Тухайлбал Маск нь АНУ-ын сансрын хөтөлбөрийн гол тоглогч бөгөөд Вашингтоны өндөр зэрэглэлтэй нууц мэдээлэлд хандах эрхтэй байдаг.

Түүний SpaceX компани АНУ-ын хиймэл дагуулуудыг тойрог замд хүргэдэг. Старлинк хиймэл дагуулын интернэт нь Украины дайнд чухал үүрэг гүйцэтгэж байгаа.

Маск бас дэлхийн томоохон сошиал платформ Х-ийг эзэмшдэг бөгөөд үүнийг Оросын эрх баригчид суртал нэвтрүүлэгтээ өргөн ашигладаг юм.

Эдгээрээс гадна Трамп ерөнхийлөгчөөр сонгогдвол тэр АНУ-ын засаг захиргаанд нөлөө бүхий албан тушаалд очихоор байгаа.

Трамп хэрвээ сонгогдвол Маскийг засгийн газрын үйл ажиллагааны оновчтой байдлыг хариуцсан албан тушаалд томилохоо амласан юм.

Трампын засаг захиргааны үед Европ, Оросын хэрэг хариуцсан Цагаан ордны захирал асан Фиона Хилл үүнийг “АНУ-ыг олигархиуд гартаа оруулах гэсэн үйлдэл” гэж дүгнэжээ.

Тэрбээр АНУ-д одоо үүсээд буй нөхцөл байдлыг Зөвлөлт Холбоот Улс задарсны дараа олигархиуд Оросын төрд хяналтаа тогтоосон цаг үетэй харьцуулсан байна.

“Хэрвээ Маск шиг хүмүүс Трампыг дахин сонгогдоход тусалбал бүх төрлийн төрийн зохицуулалтыг өөрт ашигтайгаар эргүүлэх болно” гэж Их Британийн батлан хамгаалах яамны зөвлөх, Дархэмийн Их сургуулийн канцлер, Брүүкингсийн хүрээлэнгийн ахлах судлаач Хилл анхааруулжээ.

Энэ сарын эхээр худалдаанд гарсан нэрт сэтгүүлч Боб Вүүдвардын номд Трамп ерөнхийлөгчийн албан тушаалаас бууснаасаа хойш долоон удаа Путинтэй утсаар ярьж байсан гэх баримт дэлгэгдсэн юм.

Трамп өөрөө энэ талаар тайлбар өгөөгүй ч хэрвээ Путинтэй ярьсан бол энэ нь “ухаалаг бус үйлдэл” байх байсан гэж мэдэгджээ.

Маск өчигдөр өөрийнх нь талаар гарсан мэдээнд ямар нэг тайлбар өгөөгүй байна.

Харин Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков тэдний хооронд байнгын хэлхээ холбоо байсныг үгүйсгэж, Путин, Маск нар ганцхан удаа утсаар ярихдаа “сансар судлал, орчин үеийн технологийн хөгжлийн талаар санал солилцсон” гэж мэдэгджээ.

2022 онд Маск сошиал хуудсандаа Москвагийн байр суурийг илүүд тавьсан “Украин-Оросын энхийн төлөвлөгөө” гэгч бичиг баримтыг нийтэлж байсан юм.

АНУ-ын зөвлөх үйлчилгээний Eurasia Group компанийн улс төр судлаач Ян Бреммер өөрт нь Маск “Путин болон Кремлийн албан тушаалтнуудтай холбогдож байсан” гэж ярьсныг WSJ сонинд мэдээлжээ.

Колорадо мужийн Аспен хотод болсон арга хэмжээний үеэр Маск ингэж ярьсныг тэнд байсан гэрч Фиона Хилл баталсан байна.

“Тэр үнэхээр Путинтэй холбоотой байдгаа Ян Бреммерт хэлж байсан. Өөр хүмүүс ч үүнийг сонссон. Тэр үндсэндээ Путиний ярьсан зүйлийг хүмүүст дамжуулж байлаа” гэж Хилл дурсжээ.

 

Эх сурвалж: Associated Press