Уншиж байна ...

Гүржийн парламентын сонгуульд эрх баригч нам ялсныг зарлалаа

Т.Давааням, ikon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Бямба гарагт Гүрж улсын парламентын сонгуулийн санал хураалт явагдаж, урьдчилсан дүнгээ зарлажээ.

Урьдчилсан байдлаар тэрбумтан Бидзина Иванишвилигийн тэргүүлдэг Гүржийн Мөрөөдөл эрх баригч нам 53 хувийн санал авсныг тус улсын сонгуулийн төв хороо зарласан байна.

Энэ нь сөрөг хүчний намуудын явуулсан “exit poll” тооллогоос хол зөрсөн үр дүн болсон тул тэд сонгуулийг эрх баригчид луйвардсан гэж үзэж байна.

“Бид энэ хуурамч сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй” гэж Өрнөдийн талыг баримтлагч дөрвөн намын нэг Үндэсний Нэгдсэн Хөдөлгөөний тэргүүн Тина Бокучава мэдэгджээ.

Өөр нэг сөрөг хүчний намын тэргүүн Ника Гварамиа эрх баригч намыг “үндсэн хуулийн төрийн эргэлт” хийсэн хэмээн буруутгаж байна.

Энэ сонгуулиар Европын Холбоонд нэгдэхийг дэмжигч дөрвөн нам улам бүр авторитар дэглэм тогтоох болсон Гүржийн Мөрөөдөл намын 12 жилийн засаглалд төгсгөл тавих зорилготой байсан юм.

Тэд энэ сонгуулийг Гүрж улс Европ, Оросын аль нэгийг сонгох чухал үйл явдал гэж үзэж байв.

Эхлээд сөрөг хүчний талынхан өөрсдийгөө 48-51.9 хувийн санал, эрх баригч намыг 40.9-42 хувийн санал авсан гэж тооцоолсноо зарлаж байлаа.

Харин эрх баригчдын талд үйлчилдэг Имеди телевиз Гүржийн Мөрөөдөл намыг 56 хувийн санал авсан гэж мэдээлсэн юм.

Сүүлд Сонгуулийн Төв Хороо саналын хуудасны 70 хувийг тоолсны дараах байдлаар Гүржийн Мөрөөдөл нам 53 хувь, бусад дөрвөн нам парламентад суудал авах хэмжээний санал авсныг зарласан байна.

зураг
 

Гэвч Сонгуулийн Төв Хороо саналын хуудасны 90 хувийг тоолсны дараах үр дүнг хоёр цагийн дотор зарлахаа амлаж байсан ч дөрвөн цаг хүлээлгэсэн нь сөрөг хүчнийхнийг бухимдуулжээ.

Гүржийн сонгуулийн шинэ пропорционал системийн дагуу 50-аас дээш хувийн санал авсан нам парламентын 150 суудлын талыг авдаг. Харин 5 хувийн босгыг даваагүй намууд суудалгүй хоцордог юм.

1990-ээд оны үед ОХУ-д бизнес эрхэлж баяжсан Бидзина Иванишвили “ийм хүнд нөхцөлд нэг нам ийм амжилт гаргасан нь дэлхий дахинд ч ховор үзэгдэл” болохыг мэдэгдээд сонгогчдод талархлаа илэрхийлжээ.

зураг
 
Бидзина Иванишвили

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Гүрж улс Европын Холбоонд элсэх нэр дэвшигчийн статустай болж байв.

Гэвч эрх баригчид Орос маягийн “гадаад агентын хууль” гэгчийг баталж, ардчиллаас ухарсны улмаас дээрх үйл явц зогсонги байдалд орсон юм.

Гүржийн Мөрөөдөл нам Европын Холбоонд элсэх үйл явцыг үргэлжлүүлэхээ амлаж байгаа ч бас хөрш Орос улстай “прагматик” харилцаагаа хадгалахаа мэдэгдэж байгаа.

2008 онд болсон таван өдрийн дайны дараа Оросын цэрэг Гүржийн газар нутгийн 20 хувьд хяналтаа тогтоосон нь одоо ч үргэлжилж байна.

Сонгуулиас өмнө Гүржийн төрийн бус байгууллагууд Оросын талаас сонгуулийн үр дүнд нөлөөлөх оролдлого явуулж байгааг анхааруулж байв.

Харин Оросын тал үүнийг эрс үгүйсгэж, эсрэгээрээ Өрнөдийнхнийг нөлөөлж байна гэж буруутгасан юм.

Гүрж улсад АНУ “өнгөт хувьсгал” зохион байгуулахаар төлөвлөж байгааг энэ оны эхээр Оросын гадаад тагнуулын албаны захирал Сергей Нарышкин анхааруулж байжээ.

 

Эх сурвалж: BBC