Уншиж байна ...

Парламентын суудлаа нэмэх зорилгоор ээлжит бус сонгууль зарласан Японы эрх баригч нам эсрэгээрээ цөөнх болов

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 цаг 19 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Япон улсын ерөнхий сайд Шигерү Ишиба

Японы шинэ ерөнхий сайд Шигерү Ишиба бодлого төлөвлөгөөгөө саадгүй хэрэгжүүлэх зорилгоор парламентын доод танхимыг тарааж, ээлжит бус сонгууль зарласан юм.

Гэтэл Ням гарагт болж өнгөрсөн санал хураалтын дүнгээр түүний Либерал Ардчилсан Намын тэргүүлдэг эвсэл эсрэгээрээ өмнөх суудлын тоогоо бууруулж, парламентын цөөнх болсон байна.

Энэ бол эрх баригч намын хувьд сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд үзээгүй муу үр дүн юм.

22 суудлын үр дүнг зарлах үлдээд байх үед Либерал Ардчилсан Намын эвсэл 208 суудал, сөрөг хүчний эвсэл 235 суудал аваад байв. Өмнөх парламентад эрх баригч эвсэл 290 суудалтай байжээ.

Парламентын доод танхимд олонх болохын тулд хамгийн багадаа 233 суудал авах ёстой юм.

Сөрөг хүчний эвслийн хамгийн том нам Үндсэн Хуулийн Ардчилсан Нам 143 суудалтай болжээ.

Эрх баригч намын дарга болсноосоо хойш гуравхан хоногийн дараа ээлжит бус сонгууль зарлаж байсан Ишиба “Сонгогчид бидэнд тааруу дүн тавилаа. Бид энэ үр дүнг үг дуугүй хүлээн зөвшөөрөх ёстой” гэж NHK сувгаар мэдэгдсэн байна.

Сүүлийн жилүүдэд Либерал Ардчилсан Нам авлига, улс төрийн санхүүжилттэй холбоотой олон дуулианд холбогдож, нэр хүнд нь түүхэн доод түвшиндээ хүрээд байх үед Ишиба намын даргын суудлыг авсан юм.

Намынхаа нэр хүндийг өсгөж чадаагүй өмнөх ерөнхий сайд Фүмио Кишида наймдугаар сарын сүүлээр огцрох шийдвэрээ зарлаж байв.

Энэ оны эхээр тус намын рэйтинг 20 хүрэхгүй хувьтай байжээ.

Сөрөг хүчний хувьд ч нөхцөл байдал сайн байгаагүй. Парламентыг тараахаас өмнө сөрөг хүчний гол намын рэйтинг ердөө 6.6 хувьтай байжээ.

Энэ нь Японы сонгогчдын улс төрийн намуудад итгэх итгэл алдарч, аль нэгийг нь сонгоход улам бүр төвөгтэй болсныг харуулж байгаа юм.

Ингэснээр дэлхийн дөрөв дэх том эдийн засагтай Япон улсыг сонгуулийн дараа хэн хэрхэн засаглах асуудал бүрхэг болж байна.

 

Эх сурвалж: BBC