Уншиж байна ...

Британийн алдартай тогооч луйварчдад алдсан их хэмжээний бяслагийг олоход туслахыг хүмүүсээс гуйв

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 цаг 37 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

“The Naked Chef” телевизийн шоунаас алдаршиж байсан Британийн тогооч Жэми Оливер луйварчдад алдсан их хэмжээний чеддар бяслагийг нь олж өгөхөд туслахыг хүмүүсээс гуйжээ.

Тэрбээр нийтдээ 300,000 фунт стерлингийн үнэ хүрэх 22 тонн сайн чанарын чеддар бяслагийг луйварчдад алдсаныг өчигдөр 10.5 сая дагагчтай Инстаграм хуудсаараа зарласан юм.

Францын жижиглэн худалдааны томоохон борлуулагч компанийн ажилтны дүрд хувирсан этгээдүүд “Neal’s Yard Dairy” бөөний нийлүүлэгчийн агуулахаас даавуунд ороосон 1,000 орчим дугуй бяслагийг ачаад явжээ.

Эхэндээ тэд авах ёстой компанид нь өгсөн гэж бодож байсан бол аравдугаар сарын 21-ний өдөр л залилуулснаа мэдсэн байна.

Одоо луйварчдыг Скотланд Ярдын мөрдөгчид олон улсын түншүүдтэйгээ хамт эрэн сурвалжилж байгаа гэнэ.

Баруун өмнөд Английн нэг тосгоны нэрээр нэрлэгдсэн чеддар нь дэлхий дахинд хамгийн сайн танигдсан бяслагийн төрөл юм.

Шампань дарс зэрэг бүс нутгийн бүтээгдэхүүнүүдтэй адил өмчлөл нь хуулиар хамгаалагдаагүй тул дэлхийн аль ч улсад чеддар бяслагийг үйлдвэрлэж болдогтой энэ нь холбоотой. Гэхдээ Британид одоо цөөн тооны жинхэнэ чеддар үйлдвэрлэгч байдаг ажээ.

Луйварчдад алдсан бяслаг нь Британийн Haford Welsh organic cheddar, Westcombe cheddar, Pitchfork cheddar гурван үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд байсан гэнэ.

Британийн гар аргаар үйлдвэрлэсэн бяслагийн бөөний борлуулагч “Neal’s Yard Dairy” алдагдсан бяслагийг илрүүлэхэд туслахыг олон улсын жижиглэн худалдаа эрхлэгчдэд уриалжээ.

“Хэрвээ хэн нэгэн сайн чанарын бяслаг хямд үнэтэй санал болговол тэр нь луйврын ул мөртэй байж магадгүй юм” гэж тус компаниас анхааруулсан байна.

 

Эх сурвалж: Associated Press