Уншиж байна ...

Гүрж улс Оросын “тусгай ажиллагааны хохирогч” болсныг ерөнхийлөгч нь зарлалаа

Т.Давааням, ikon.mn
2 цаг 18 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гүрж улсын ерөнхийлөгч Саломе Зурабишвили

Ням гарагт Гүрж улсын ерөнхийлөгч Саломе Зурабишвили улс орон нь Оросын “тусгай ажиллагааны хохирогч” болсныг зарлаж, өмнөх өдөр нь болсон сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгджээ.

“Бид Гүржийн ард түмний эсрэг явуулсан орчин үеийн гибрид дайны нэг хэлбэр болох Оросын тусгай ажиллагааны хохирогч, гэрч боллоо” гэж тэр мэдэгдсэн байна.

Тэрбээр Даваа гарагийн 19:00 цагт Тбилиси хотын төв гудамжинд сонгуулийн үр дүнг эсэргүүцэх жагсаалд оролцохыг ард иргэддээ уриалжээ.

Зурабишвили сонгуулийн үр дүнг “бүхэлдээ хуурамч, саналын хулгай луйвар” гэж тодорхойлсон байна.

Сонгуулийн Төв Хороо өчигдөр сонгуулийн үр дүнг эцэслэн мэдээлэхдээ 54.8 хувийн саналаар эрх баригч Гүржийн Мөрөөдөл нам ялсныг тунхагласан юм.

Европын сонгуулийн ажиглагчид санал хураалт айлган сүрдүүлэлт, бие махбодын хүчирхийлэл дунд, “талцал хуваагдал” бүхий орчинд явагдсаныг мэдэгдсэн байна.

Европын Холбоо өчигдөр сонгуулийн үеэр гарсан хууль бус үйлдлүүдийг шуурхай, ил тод шалгахыг Гүржийн эрх баригчдад уриалжээ.

“Гүржийн иргэдийн үндсэн эрх, эрх чөлөөг боомилсон, Европын Холбооны суурь үнэт зүйл, зарчимд харшлах аливаа хууль тогтоомжийг хүчингүй болгох ёстойг сануулж байна” гэж Европын Холбооны гадаад бодлогын тэргүүн Жозеп Боррел мэдэгдсэн юм.

Европын Зөвлөлийн ерөнхийлөгч Шарль Мишел мөн Гүрж улсын эрх баригчдад санал хураалтын явцад гарсан зөрчлийн талаар мэдээллийг шалгахыг уриалжээ.

“Гүржийн парламентын сонгуулийн асуудлыг би Будапешт хотод болох Евро Зөвлөлийн албан бус хуралдааны хэлэлцэх асуудлыг жагсаалтад оруулах бодолтой байна” гэж тэр Ням гарагийн орой Х хуудсандаа бичсэн байна.

“Сонгуулийн зөрчил, түүний талаарх гомдлыг шуурхай, ил тод, хараат бус арга замаар шалгаж, шийдвэрлэх үүргээ Сонгуулийн Төв Хороо болон бусад холбогдох байгууллагууд хэрэгжүүлэхийг би уриалж байна” гэж тэр цааш нь бичжээ.

Өвөр Кавказын 3.7 сая хүн амтай Гүрж улс энэ сонгуулиар Европын Холбоог дагах, эсвэл хөрш Оросын нөлөөнд үлдэх хоёр сонголтын нэгийг хийх ёстой байлаа.

Эрх баригч Гүржийн Мөрөөдөл нам нь сүүлийн жилүүдэд илт Кремлийн бодлогыг дэмждэг болоод байгаа.

Тэд энэ оны дундуур Орос маягийн “гадаад агентын эсрэг хууль” гэгчийг батлуулж, Өрнөдийн оролцоотой төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг хянах болсон.

Үүний дараа Брюсселийн эрх баригчид Гүрж улсыг Европын Холбоонд элсүүлэх үйл явцыг зогсоосон юм.

Гүржийн Мөрөөдөл намыг 1990-ээд оны үед Орос улсад бизнес эрхэлж баяжсан тэрбумтан Бидзина Иванишвили тэргүүлдэг.

зураг
 
Гүржийн Мөрөөдөл намын тэргүүн Бидзина Иванишвили

Эрх баригч нам нийслэл Тбилиси хотоос баруун зүгт 135 км зайд оршдог өмнөд Гүржийн Жавахети мужид бараг 90 хувийн санал авсан бол бусад аль ч мужид 44 хувиас дээш санал авч чадаагүй байна.

Жавахети мужид армени, орос хэлээр ярьдаг армени үндэсний цөөнх голлон суудаг. Тэдэнд орон нутгийн эрх баригчид саналаа хэрхэн өгөх заавар өгч байсныг эх сурвалжууд гэрчилж байна.

Сонгуулийн өмнөх санал асуулгуудаар Гүржийн иргэдийн 80 орчим хувь Европын Холбоонд элсэхийг дэмжиж байжээ.

Бас тус улсын үндсэн хуульд заасны дагуу эрх баригчид нь Европын Холбоо болон НАТО-д элсэх бодлогыг дэмжиж ажиллах үүрэгтэй байдаг.

Гэвч Гүржийн Мөрөөдөл намын ялалт Европтой нэгдэх итгэл найдварыг нь үгүй хийхээс олон хүн эмээж байна.

 

Эх сурвалж: Associated Press