Уншиж байна ...

Бейрут хотын барилгад Израилийн пуужин тусах мөчийг гэрэл зурагт буулгажээ

Т.Давааням, ikon.mn
3 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Мягмар гарагт Израилийн арми Ливаны нийслэл Бейрут хотын орон сууцны нэг барилгыг пуужингаар устгажээ.

Уг цохилтоос 40 орчим минутын өмнө Израилийн армийн хэвлэлийн төлөөлөгч Бейрутийн өмнөд захын барилгаас гарч явах, ойр орчмоос нь холдохыг Араб хэл дээрх сошиал хуудсаараа хүмүүст анхааруулсан юм.

Яагаад тухайн барилгыг бай болгосноо анхааруулгад тайлбарлаагүй бөгөөд зөвхөн “Хезболлатай холбоотой байгууламж” гэж нэрлэсэн байв.

Ассошэйтед Пресс агентлагийн гэрэл зурагчин Билал Хуссейн энэхүү үйл явдлыг баримтжуулахаар камераа бэлдээд хүлээж байжээ.

Агаарт шунгинах чимээ гарснаас хойш удалгүй нэг пуужин барилгын суурийн давхарт туссан байна.

Үүнээс өмнө анхааруулах зорилготой хоёр хөнгөн пуужин барилгын дээвэр дээр буужээ. Цохилтын дараа барилга бүхэлдээ нурж, сүйрсэн байна.

Хуссейний буулгаж чадсан ховор гэрэл зураг орчин үеийн дайны хурд, хүч, сүйтгэх чадварыг тодорхой харуулсан юм.

Хуссейн нь 2004 оноос хойш Ассошэйтед Пресс агентлагт ажиллахдаа Ирак, Ливаны нутагт дайн мөргөлдөөнийг нүдээр үзсэн туршлагатай мэргэжилтэн гэнэ.

“Би эгзэгтэй мөчид өөрийн хариу үйлдлийг хянаж, аль болох тайван байхыг хичээдэг” гэж тэр ярьжээ.

Эх сурвалж: Associated Press