Уншиж байна ...

Шинэ Зеландын нисэх буудал хүмүүсийн тэврэлдэх хугацааг 3 минутаар хязгаарладаг болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2 цаг 14 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Шинэ Зеландын өмнөд арлын хоёр дахь том хот Данидины нисэх буудал саяхан нэгэн өвөрмөц дүрэм журам нэвтрүүлжээ.

Тухайлбал нисэх буудлын авто замын ачааллыг бууруулах зорилгоор явагсдын танхимд салах ёс гүйцэтгэж буй хүмүүсийн тэврэлдэх хугацаанд хязгаар тогтоосон байна.

Саяхнаас тус нисэх буудалд ирсэн хүмүүс “Max hug time three minutes” (Тэврэлдэх дээд хугацаа гурван минут) гэсэн анхааруулах тэмдэг байрлуулсныг харах болжээ.

Бас илүү сунжирсан салах ёс гүйцэтгэхийг хүсэж байвал нисэх буудлын зогсоолд автомашинаа байрлуулахыг зөвлөсөн байна.

Уг шийдвэр сошиал орчинд нэлээд маргаан дэгдээсэн юм.

Данидин нисэх буудлын гүйцэтгэх захирал Дан Де Боно өчигдөр хэвлэлд тодруулга өгөхдөө шинэ журам нь иргэдийн хөдөлгөөний урсгалыг саадгүй байлгах зорилготойг тайлбарлажээ.

“Хүний үндсэн эрхийг зөрчиж байна, бусдын тэврэлдэх хугацааг яаж хязгаарлаж зүрхэлдэг байна аа гэх зэргээр биднийг шүүмжилж байгаа. Гэхдээ шийдвэрийг дэмжиж байгаа хэсэг ч бий” гэж тэр ярьсан байна.

Нисэх буудлууд зорчигчийг буулгах хэсэгт автомашинаа орхисон хүмүүсийг торгох, өндөр төлбөр авах зэрэг арга хэмжээ авдаг.

Харин Данидин нисэх буудлын шийдэл нь тэдгээртэй харьцуулахад хамгийн хүнлэг болохыг Де Боно тайлбарлаж байна.

Түүний хэлснээр гурван минут бол “хайртай дотны хүмүүстэйгээ салах ёс гүйцэтгэхэд хангалттай хугацаа” бөгөөд “явах цаг болсныг сануулах хамгийн соёлтой боловсон арга” гэнэ.

Мөн тэрбээр 20 секундийн тэврэлт хүний аз жаргалын дааврыг сэргээхэд хангалттай гэсэн шинжлэх ухааны баримтыг яриандаа дурдсан байна.

Гэхдээ уг дүрмийг хэрэгжүүлэхдээ албадах арга хэмжээ авахгүй юм байна. “Бид тэврэлтийг зохицуулах цагдаа ажиллуулахгүй” хэмээн Де Боно хэлжээ.

 

Эх сурвалж: Aljazeera