Уншиж байна ...

"Троллейбусанд бүх банкны карт унших төхөөрөмжийг давхар суурилуулах эсэхийг ярилцаж байна"

Д.Янжиндулам, ikon.mn
2 цаг 23 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн нийтийн тээврийн автобусанд төлбөр төлөх "Улаанбаатар смарт карт" компанийн болон бүх төрлийн банкны карт унших төхөөрөмжийг суурилуулсан гэж мэдээлдэг. Гэвч зарим автобусанд бүх төрлийн карт унших төхөөрөмж байхгүйгээс гадна шинээр авсан урт автобусны төхөөрөмж ажиллахгүй байгаа юм.

Энэ талаар Нийтийн Тээврийн Бодлогын Газраас тодруулахад "Шинээр авсан 31 урт автобусны төлбөр төлөх төхөөрөмжийг Хятад улсад үйлдвэрлэхдээ суурилуулсан. Уг төхөөрөмжийн ажиллагааг суурилуулсан байгууллага нь хариуцна.

Өмнө нь авсан 600 шинэ автобусанд бүх төрлийн банкны карт унших төхөөрөмжийг "АйСиТи" компани суурилуулж байгаа юм. Ингэснээр автобуснууд төлбөр төлөх хоёр төрлийн төхөөрөмжтэй болж буй.

Троллейбусанд "Улаанбаатар смарт карт" компанийн төхөөрөмжтэй бөгөөд бүх банкны карт унших төхөөрөмжийг давхар суурилуулах эсэх асуудлыг ярилцаж байна.

"Улаанбаатар смарт карт" компанийн төхөөрөмжөөр U-money картаас гадна ХААН, Голомт, Худалдаа Хөгжлийн Банкны картаар төлбөрөө төлөх боломжтой" гэж мэдээллээ.

Өдөрт 1,120 орчим автобус нийслэлийн иргэдэд үйлчилдэг байна.

Нэмэлт мэдээлэл: Нийтийн тээврийн автобусаар ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдүүд хөнгөлөлттэй үнээр зорчдог. Хүүхдийн хугацаатай U-money картаар сарын эхний өдрөөс сарын сүүлийн өдөр дуустал хязгааргүй зорчих бөгөөд сар бүрийн 27-ноос өмнө сунгалтаа хийлгэх юм байна.

Хугацаатай картыг хэрэглэгчийн дараах төвүүдээс авна. 

  • Сүхбаатарын талбайн зүүн талд Сити тауэрын 4 давхар 403 тоот
  • Дүнжингарав худалдааны төв, D2 блок, 28-р цонх
  • Драгон төв /Шинэ шилэн драгон/, 5 давхар, 19-р цонх

Ахмад настны картыг тэтгэвэрт гарсан эсэхээс үл хамааран эрэгтэй 60, эмэгтэй 55 нас хүрсэн бол авч, хөнгөлөлттэй зорчих боломжтой. Картын үнэ 3,600 төгрөг бөгөөд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөс авна. Картаа хоёр жил тутамд сунгуулж, зорчино. Харин картаа гээсэн эсвэл гэмтээсэн бол дахин авахдаа мөн тус төвөөс авах юм байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн нийтийн тээврийн автобусаар хөнгөлөлттэй зорчих картын үнэ адил бөгөөд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөс авна.

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн салбарууд:

  • Дүнжингарав /7575-1200/
  • Драгон /7577-1200/
  • Мишээл /7585-1200/
  • 3,4-р хорооллын Имарт /7505-1200/
  • Баянхошуу /7510-1200/
  • Чингэлтэй дүүргийн 18-р хороо, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн хөгжлийн төв /7585-1300/